Зилинь мужийн хэд хэдэн сууринд хатуу хөл хорио тогтоожээ

БНХАУ-ын зүүн хойд нутагт коронавирусний халдварын 34 шинэ тохиолдол илэрсний улмаас ОХУ-тай хил залгаа оршдог Зилинь мужийн хэд хэдэн сууринд хорио цээрийн хатуу дэглэм тогтоожээ.
“South China Morning Post” сонинд мэдээлснээр, даваа гаргийн үдээс хойш 70 мянган оршин суугчтай Шулань хошуунд хатуу хөл хорио тогтоосон байна. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь энэ хошуунд илэрсэн халдвартай холбоотой аж. Хошууны удардлагуудын мэдэгдэлд дурдсанаар, коронавирусний халдвар, мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тосгод эсвэл орон сууцны хорооллуудад хэнийг ч оруулж, гаргахгүй байна. Дэлгүүрүүд хөл хорионд байгаа хүн амд бараа бүтээгдэхүүнийг хүргэлтээр түгээх үйлчилгээнд шилжжээ. Айл өрхүүдэд хоёр хоног тутамд гэр бүлийнхээ нэг гишүүнийг зайлшгүй шаардлагатай эд зүйлс худалдаж авахаар гадагш гаргахыг зөвшөөрсөн байна.
Бүс нутагт дэгдсэн коронавирусний халдвар нь Шулань хошууны олон нийтийн аюулгүй байдлын удирдах газарт угаагчаар ажилладаг 45 настай эмэгтэйтэй холбоотой юм. Эмч нар түүний халдвар авсныг тавдугаар сарын 7-нд баталсан боловч эх үүсвэр нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Өвчтөн оршин суудаг хошуунаасаа гараагүй, гаднаас ирсэн хүмүүстэй уулзаагүй бол Зилинь мужид 73 өдрийн турш дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгдээгүй юм.
Шулань хошуу нь Зилинь мужийн засаг захиргааны төв Чанчунь хот, Зилинь хот болон тус мужийн хөрш Хар мөрөн мужийн Харбин хотоос холгүй оршдог байна. Харбин хотод тавдугаар сарын 9-нөөс эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Шулань хошуунд автобусны маршрутыг түр зогсоож, таксигаар хошуунаас гарах, орохыг хориглосон байна. Хошуунаас явахыг хүсэлтэй иргэд сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн коронавирусний шинжилгээнийхээ хариуг заавал үзүүлэх ёстой. Үүнтэй адил арга хэмжээг мөн Зилинь хотод авчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.