БНЭУ хөл хориог энэ сарын 31-н хүртэл сунгалаа

"Ковид-19" цар тахлын дэгдэлт улс орнуудад өөр өөр байгаа учраас улс орнууд хөл хориог сулруулах тал дээр ч өөр өөрсдийн нөхцөл байдалтай уялдуулж байна. Тухайлбал БНЭУ-ын засгийн газар улс орон даяар тогтоосон хөл хориог энэ сарын 31-н хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна.
Гэхдээ зарим мужуудад хөл хориог сулруулах, тахлын дэгдэлт бага байгаа бүсүүдэд бизнесийн үйл ажиллагааг сэргээхийг зөвшөөрч байгаа юм байна. Энэтхэг улс цар тахлын дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан хөл хориог өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр хүртэл сунгаад байсан юм. Тус улсад сүүлийн хэд хоногт өдөрт "Ковид-19"-ийн халдварт 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 90 мянга давсан учир засгийн газар нь хөл хориог сунгахаар шийдвэрлэжээ.
Хатуу хөл хорио тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, олон сая хүн ажилгүй болж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид тодорхой үе шаттайгаар хөл хориог сулруулахаар цар тахлын үеийн бодлогоо өнгөрсөн сард өөрчилсөн юм. Өчигдөр зарласан шийдвэрээр тус улсад халдварын тархалт бага байгаа хот дүүргүүдэд жижиглэнгийн худалдаа болон бусад бизнесийн үйл ажиллагааг сэргээх харин худалдааны том сүлжээ байгууллагууд болон үзвэр үйлчилгээний газруудыг нээхгүй байхаар болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.