Ангараг гараг дээр шаврын урсгалын ул мөр илрүүлжээ

Одон орон судлаачид Ангараг гарагийн галт уулс дэлбэрснийг гэрчлэх олон тооны ул мөр бодит хэрэг дээр асар том хэмжээний шаврын урсгалын ул мөр болохыг тогтоожээ.
Ланкастерын их сургуулийн одон орон судлаачид вакуум орчинд хэд хэдэн туршилт хийж, Ангараг гараг дээр шаврын урсгалын дүр төрхийг зохиомол орчинд бий бүтээсэн байна. Улаан гарагийн гадаргуун гэрэл зурагт асар том хэмжээний шаврын урсгал, галт уулын царцсан лавтай төстэй бүтэц харагддаг гэж Ланкастерын их сургуулийн профессор Лайонел Уилсон өгүүлжээ. Түүний хэлснээр, сүүлийн арван жилд гараг судлаачид Ангараг гарагийн гадаргуу дээр эрт дээр үед олон тооны гол, нуур, цэнгэг устай далай байсныг гэрчлэх баримтуудыг нээжээ. Онолын хувьд эдгээр гол, нуур далай Дэлхийтэй төстэй амьдралыг бий болоход тохиромжтой гэнэ. Эрдэмтдийн тооцоолсноор, эдгээрт Дэлхийн Хойд мөсөн далайн устай тэнцэх хэмжээний ус байсан бөгөөд энэ нь Ангараг гарагийн гадаргууг 140 метрийн гүн усаар бүрхэхэд хангалттай гэнэ. Харин нарны аймгийн дөрөв дэх гараг дээр энэ ус хэрхэн бий болсон, хаашаа алга болсныг эрдэмтэд одоогоор тогтоогоогүй байна. Уилсон тэргүүтэй эрдэмтэд энэ усны нөөцийн ихэнх хэсэг хаашаа алга болсныг тогтоожээ. Ингэхдээ тэд орчин үеийн Ангараг гарагтай төстэй агаарын температур, даралттай нөхцөлд шингэн шаврыг судалсан байна. Үүний тулд Ангараг гараг дээр олон тэрбум жилийн туршид ноёлж буй нөхцөлийг вакуум орчин бий болгож, энэ орчинд шавар хэрхэн урсаж буйг ажиглажээ. Нам даралт, температурын нөхцөлд шингэн шавар Дэлхийн галт уулын лавын адил олон үетэй давхаргыг үүсгэсэн байна. Энэ бүхэн Ангараг гарагийн гадаргуу дээрх лавын урсгал бодит байдал дээр царцсан шаврын асар том хэмжээний давхарга байж боломжтой гэж эрдэмтэд дүгнэжээ. Ангараг гараг руу нисэгч бүхий хөлөг илгээснээр энэ онолыг шалгах боломжтой болно гэж эрдэмтэд найдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.