Г.Сугарбат: Эрсдэл бага байх үед иргэд хариуцлагатай байсан

Г.Сугарбат: Эрсдэл бага байх үед иргэд хариуцлагатай байсан

 УОК-ын Шуурхай штабаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр МХЕГ-аас иргэдэд анхааруулга хүргэв.

Тодруулбал, иргэдийн амны хаалт зүүх явдал, ААН, байгууллагуудын өдөр тутмын ариутгал, халдваргүйжүүлэлт суралсан нь эрсдэл дагуулж байгааг онцоллоо.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: "5 сарын 16-нд МХЕГ-аас 7 дүүрэгт хийсэн хяналт шалгалтаар олон нийтийн газар амны хаалт зүйгээгүй 3110 зөрчил илэрсэн. Тэдгээрт хүмүүст амны хаалтаа зүүх шаардлага тавиад өнгөрсөн ч дараагийн удаа арга хэмжээ авна. Мөн өдөр хийсэн шалгалтаар 514 ААН ариутгалт тогтмол хийж, 1189 ААН энэ ажилд хойрго хандаж байгааг илрүүлсэн. Зуны дэлгэр цаг болж байгаатай холбогдуулаад иргэдийн амны хаалт зүүх, хоорондоо тодорхой зай баримтлах, гараа ариутгах зэрэг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөх байдал эрс суларлаа. Эрсдэл бага байх үед иргэд, ААН-үүд харьцангуй хариуцлагатай байсан ч одоо өөрөөс хамаарах урьдчилан сэргийлэлтээ улам сайжруулахыг анхааруулж байна" гэлээ.  

Түүнчлэн иргэдийг гар дээрээс худалдаа хийхгүй байх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацаа, горимыг сайтар шалгаж байхыг МХЕГ-аас анхааруулж байна. Энэ сарын 16-нд Дорнод аймагт зургаан том хүн, нэг хүүхэд хүнсний бүтээгдэхүүнд хордсон тохиолдол гарчээ. Тиймээс цар тахалтай үед эмнэлгийн байгууллагад ачаалал үүсгэхгүй байхад иргэдийн оролцоо чухал байгааг тэмдэглэсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.