Х.Мандахбаяр: Намайг хайж байгаа хүмүүсийн гүтгэлгийг дахин баримтаар няцааж байна.
Миний бие УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Өмнөговь аймагтаа нэр дэвшиж байгаа билээ. Нэр дэвших болсноос хойш Тост, Тосон бумбын тэмцлийн үед улс төрийн бүлэглэл, олигархиудын хийж байсан гүтгэлгүүдтэй адил жанрын эвлүүлэг, гүтгэлэг, доромжлол ихээр цацагдах боллоо. Саяхан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн олон заалтыг илтэд зөрчсөн эвлүүлэг бүхий, ор үндэсгүй гүтгэсэн ээлжит бичлэг цацагдсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өглөө. Удахгүй энэхүү гүтгэлгийг гүйцэтгэгч нь захиалагчтайгаа хамт илэрнэ. Ингээд намайг хайж байгаа хүмүүсийн яриад байгаа зүйлд баримтаар няцаалт өгье.
Няцаалт НЭГ
Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн уурхайд хөрс хуулалтын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Их шижир баялаг” компанийн 100 хувийн хувьцааг 2019 оны арванхоёрдугаар сард 100 хувь худалдаж, хөрс хуулалтын бизнесээс гарсан. Миний бие бизнесийн ашгийг биш тэмцлийн замыг сонгосон. Энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн.
Няцаалт ХОЁР
Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй. Би хоёр дахь амьдрал зохиосон нь үнэн. Гэхдээ арван эхнэр сольж, 11 хүүхэдтэй болоогүй. Гэрлэлтийн баталгааны хуулбараа үзүүлж байна. Бичлэг дээр намайг гүтгэн харлуулахын тулд гэмгүй эмэгтэйг хэлмэгдүүлсэн байна. “Тод магнай” сэтгүүлийн 10 жилийн ойгоор тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч А.Эрдэнэтуяатай авхуулсан зургийг ашиглажээ. Энэ хүний цаана гэр бүл нь бий. Надад ч гэсэн гэр бүл бий шүү дээ. Эрхэм сонгуулийн пиарчид аа. Та нарт ер нь хүнийг хайрлах, бусдын гэр бүлийг хүндлэх сэтгэл гэж байна уу.
Няцаалт ГУРАВ
Тост, Тосон бумбын тэмцэл бол нэг хүний ганцхан жилд хийчихсэн ажил биш. Нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын 10 жилийн тэмцлээр бүтсэн юм. Намайг гүтгэн харлуулахын тулд нутгийн минь иргэдийг битгий доромжил. Тэнгэрт хальсан Т.Лхагвасүмбэрэл гэдэг тэр эх оронч залууг битгий доромжил. Тэр эх оронч залуу, Гурвантэс сумын иргэд, Өмнөговь аймгийн иргэд, шударга ёсны төлөөх иргэний нийгмийн байгууллагууд олон жил тэмцэж, нам харгалзахгүйгээр бүгдээрээ нэгдэн нийлж ард нь гарсан юм. Миний хувьд энэ тэмцэл явуулж байсан олон талуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, мөн олон нийтэд системтэй, үр дүнтэй мэдээллийг хүргэсний үр дүнд ялалтыг урагшлуулсан. Энэ тэмцлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн шударга ёсны шийдвэрээс салгаж ойлгож хэрхэвч болохгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх тэмцлийг битгий гүтгэн харлуул. Хүнд чинь зарж, арилжиж болдоггүй зүйл гэж байдаг юм. Би эх орон, эх нутаг, элгэн садныхаа эрх ашгийг хэзээ ч, юугаар ч солихгүй, худалдахгүй. Би эх нутгийнхаа төлөөх энэ тэмцэлд чин шударгаар, эрдэм боловсролоор бас менежментийн арга ухаанаар тэмцсэн нь үнэн. Хэрвээ Тосон бумбыг дахин ухахыг санаархсан хэн нэгэн байх аваас амь хайргүй, нэр харамгүй тэмцэх болно. Тосон бумбад бол ганц компанийн лиценз цуцлагдсан юм биш. Найман компанийн 11 лиценз цуцлагдсан гэдгийг нутгийн зон олон минь мэднэ.
Няцаалт ДӨРӨВ
Тосон бумбын тэмцлийг Б.Чойжилсүрэнг Сангийн сайд байхад хуйвалдаж хийсэн мэтээр илт мушгин гүтгэж, үнэнээс холуур ойлгуулахыг оролдсон байна. Тосон бумбын тэмцэлд шударга сэтгүүлчид нэгдэж, хариуцлагатай уул уурхайн төлөө сурвалжлагын баг очих үед хийгээд Тосон бумбын тэмцэлд бид ялах үед ч энд дурдагдаад байгаа лицензийг хуулийн аргаар зувчуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газартайгаа хамт Б.Чойжилсүрэн хэдийнэ огцорсон байсан юм. Шударга сэтгүүлчдийн шударга тэмцлийг битгий үгүйсгэ. Бид камераа эвдүүлж, эрүүл мэндээрээ хохирч, элдэв гүтгэлэг дайралтыг туулж, энэ тэмцлийн ард гарсан юм шүү. Би Б.Чойжилсүрэн гэдэг хүнтэй нэг ч удаа уулзах нь битгий хэл гар барьж үзээгүй. Тийм сувдаг шунахай сэтгэлтэй хүмүүстэй цаашдаа ч зам мөр нийлэхгүй.
Няцаалт ТАВ
Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коэл транс” компани 130 тэрбум, Архангайн Цэнхэрт байрлах Ц.Мянганбаярын гэх алтны уурхай 600 тэрбум, Өмнөд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай "АГМ майнинг" компани 125 сая ам.долларын нөхөн олговрыг Монгол Улсын төсвөөс авсан гэжээ. Хэзээ ч ийм зүйл байхгүй. Энэ бичлэгийг бэлтгэсэн хүмүүс ийм л ор үндэслэлгүй гүтгэлгийг санаанаасаа зохиож байна. Би энэ асуудлаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт 2020 оны тавдугаар сарын 28-нд хандаж лавлагаа авах хүсэлт хүргүүлсэн. Хариуг удахгүй нийтлэх болно. Энэхүү гүтгэлгийг зохиож байгаа хүмүүс УИХ-д нэр дэвшигчийг гүтгэн доромжилж, нэр хүндийг нь унагаах зорилготой гэдэг нь илт байна. Хамгийн харамсалтай нь, нутаг орны минь эгэл иргэдийг, шударга ёсны төлөө ажиллаж байгаа Ерөнхий сайдыг харлуулахыг оролдож байна.
Няцаалт ЗУРГАА
Оюутан залуусыг өнгө мөнгөөр татсан мэтээр харуулж элдэв зураг ашиглажээ. Энэ үйл ажиллагааны зурагнууд надад огт хамааралгүй юм. Өмнөговийн сайхан залуусын зургийг тавьж, хар гүтгэлэгтээ ашиглаж байгаа нь туйлын харамсалтай. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг жамтай. Энэ бүх хар пиар, гүтгэлгийн эзэд удахгүй ил болж, нутагтаа гишгэх газаргүй, хүний өөдөөс харах нүүргүй болох вий дээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.