Хүүхдээ багаас нь ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ өсгөвөл нийгэмд гарах сөрөг нөлөө буурна

Хүүхдээ багаас нь ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ өсгөвөл нийгэмд гарах сөрөг нөлөө буурна

-Монголд иргэн хүн эрхээ эдлэх байдал, хууль эрх зүйн нөхцөл хэр хангалттай байна гэж үздэг вэ?

-Хууль эрх зүйн хувьд тодорхой түвшинд ахиц гарч, жендэрийн хуулиуд батлагдаж байна. Мөн жендэрийн талаар дуугардаг төрийн бус байгууллага, хувь хүмүүс нэмэгдэж байна. Гэвч ихэнх олонх нь энэ талаарх мэдлэг болоод амьдрал дээр хэрэгжүүлэх арга дутмаг байна. Өөрөөр хэлбэл бид үр хүүхдээ өсгөхөөс эхлээд эрэгтэй хүүхэд илүү хүчирхэг байх ёстой, уйлж  болохгүй гэх зэргээр жендэрийн эрхийг нь зөрчиж байдаг. Жишээлбэл, хувцсыг нь хүртэл сонгохдоо эрэгтэй хүүхэд цэнхэр хувцас, эмэгтэй хүүхэд ягаан хувцас өмсөх ёстой гэж өнгийг хүртэл хуваарилах нь жендэрийн эрхийг зөрчсөн хэрэг.

-Тэгвэл бид үр хүүхдээ багаас нь жендерийн тухай ойлголтгүй өсгөж байгаад учир байна уу?

-Тийм шүү. Уламжлалт сэтгэлгээ буюу жендэрийн тэгш бус харилцаа гэр бүлийн орчинд оршсоор ирсэн. Бидний үед жендер гэж юу байдаг тухай ямар ч ойлголтгүй байсан шүү дээ. Эцэг эхчүүд маань ч энэ талаар мэдэгдэхүүнгүй байсан үе. Эмэгтэй хүүхэд аяга угааж, хог шүүрдэх ёстой, гэрийн ажлыг хийх ёстой, ээждээ туслах үүрэгтэй гэх зэргээр охидод их ачаалал үүрүүлэх нь жендэрийн эрхийг зөрчиж байна гэж үзэх болсон. Тэгэхээр өссөн орчин маань ийм тохиолдолд жендэрийн мэдрэмжгүй хүмүүс байсаар байх болно.

-Уламжлалт сэтгэлгээ маань эмэгтэй хүнийг өглөө эрт босож галаа түлж, цайгаа чанах ёстой гэдэг үзлийг бат нот суулгачихсан шүү дээ. Тэглээ гээд муудаагүй байна гэж эцэг эхчүүд маань хэлдэг. Одоо л эрх ярьдаг болсон болохоос гэж шүүмжлэх хандлагатай байдаг?

-Эмэгтэй хүүхэд том болоод ээж минь гэрийнхээ бүх ажлыг хийдэг байсан юм чинь би ч бас хийх ёстой гэдэг ойлголттой л байна. Эрэгтэй хүүхдүүд маань би гэртээ хоол хийж үзээгүй, хог асгавал хийморь гундана гээд гэдийгээд суучихдаг. Энэ төлөвшил нь ажил, албан тушаал дээр гарсан ч гэсэн харагдаж байдаг. Гэтэл хань ижил болон хамт олны дунд жендэрийн мэдрэмжтэй гэр бүлд өссөн хүмүүс тохиолдвол зөрчил гарна аа л гэсэн үг. Жишээ нь гэр бүлийн хоёр адилхан өглөө гараад орой ирдэг байлаа гэхэд эрэгтэй нь би хоол хийж үзээгүй гээд эмэгтэйгээ зараад хэвтчихэж болохгүй биз дээ. Хоёулаа л адилхан ядарч байгаа шүү дээ. Дорнын буюу уламжлалт сэтгэлгээнд авах ч юм бий, орхих ч юм бий. Суурин амьдралд шилжсэнээр орчин үеийн чиг хандлагыг дагах хэрэгцээ тулгарч байна л даа. Эрэгтэй, эмэгтэй хоёр зэрэг хөдөлмөрлөж, санхүүгээ зэрэг  бүрдүүлэх, орон байраа зэрэг төлөх, үр хүүхдээ зэрэг өсгөж байна. Жендэрийн мэдрэмжтэй хүүхдийг ирээдүйд бэлдэх нь гэр бүлийн тогтвортой амьдралд маш чухал үүрэгтэй.

-Ажлын байран дээр жендэрийн эрх зөрчигдөж байгаа жишээнүүдийг дурдвал?

-Нэг дээд сургууль төгссөн эрэгтэй, эмэгтэй хоёр боловсон хүчин нэг ажилд анкет бөглөлөө гэхэд эмэгтэйг нь чи гэр бүлтэй юу, хэзээ хүүхэд гаргах гэж байна гээд хувийн асуудал руу нь шууд өнгийгөөд эхэлдэг. Тэгэхээр тухайн эмэгтэй хүн ажлын карьераа бодоод хүүхэд төрүүлэх тухай бодох эрхгүй болж байна гэсэн үг. Гэтэл эрэгтэй боловсон хүчнийг гэр бүлтэй гэвэл харин ч тогтвортой ажиллах юм байна гээд ажилдаа дуртай авдаг. Жендэрийн тухай мэдлэггүйгээсээ болоод залуус маань боломжоо олж харахгүй байна. Хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээх сонголт хувь хүнд өөрт нь бий. Анзаараад байхад албан байгууллагын дарга нь эрэгтэйчүүд байдаг бол гүйцэтгэх ажлыг нь эмэгтэйчүүд хийдэг. Нэг жишээ дурдахад коронавирус тархаж байгаа энэ үед ямар улс энэ вирусээр бага өвчилж байна гээд үзэхээр Эрүүл мэндийн яамны сайд нь эмэгтэй сайдтай улс коронавирусийг барьж, тогтоож чадаж байна гэсэн судалгаа гарсан. Гэр бүлийг ажиглаад байхад эрчүүд наагуураа толгойлоод байгаа юм шиг хэр нь цаагуураа нарийн нандин асуудал, томоохон шийдвэрүүдийг эмэгтэйчүүд шийдэж байдаг.

-Жендэрийн мэдлэгтэй ирээдүйг бэлтгэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Эцэг эхчүүд өөрөөрөө үлгэрлэхээс гадна боловсролын системээр олж авах хэрэгтэй. Энэ тухай боловсролыг тусгайлан оруулахаас гадна монгол хэл, биеийн тамир гээд бүхий л хичээлийг заагаад байгаа багш нар хичээлдээ үлгэр дуурайл болох нь чухал. Их, дээд сургуульд жендэрийн тухай мэдлэгийг хичээлийн агуулгад шингээж оруулах төдийгүй оюутнуудын сонгох хичээлийн программд оруулж болно.

-Нэг үе айл өрх хөвгүүдээ орхигдуулаад охиддоо дээд боловсрол эзэмшүүлэх давлагаа үргэлжилсэн. Эмэгтэйчүүдээ эхэнд тавиад эрэгтэй хүний жендэрийн асуудал хурцаар хөндөгдөж байсныг бид хожуу олж харсан л даа. Эрэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны салон, дэлгүүр, эмнэлэг нь хэд билээ гээд бодохоор?

-Энэ хоёр хамааралтай асуудал. Эрэгтэйчүүд нийгэмд орхигдоод ирэхээр өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй, сэтгэл гутралтай болж улмаар архинд орох хамгийн их эрсдэлтэй. Гэтэл бид эрчүүдээ архичин гээд харааж зүхээд байдаг. Эрэгтэйчүүд амьдралаа авч явах чадваргүй болсноор эмэгтэйчүүдэд ирэх ачаа хоёр дахин өсдөг учраас аль алиных нь жендэрийн асуудлыг бодолцох шаардлага нийгэмд тулгарч байгаа юм. Жендэр гэдэг зоосны хоёр тал шиг байгаа биз. Саяхан дуучин Ч.Уранхолбоотой хамтарч “Тод гэрэлтэх бүсгүй” номоо бичиж суухад эрчүүд маань гэр бүл, ажил, найз нөхөд, нийгэмдээ нөлөө бүхий, хүчирхэг байх юм бол эмэгтэйчүүдэд маань өсөн дэвжих, өөртөө анхаарах цаг гарах юм байна гэдгийг олж харсан. Дараа дараагийн номдоо эрчүүдийн жендэрийн асуудлыг хөндөх зорилго тээж байна.

-“Тод гэрэлтэх бүсгүй” номдоо жендэрийн асуудлыг хэр хөндсөн бэ?

-Маш их хөндсөн. Бидний номын дөрөвдүгээр бүлэгт нөхрөө хамтрагч болгох тухай санааг дэвшүүлсэн. Хэрвээ нөхөр чинь хүүхдийнхээ живхийг сольж байхдаа буруу харуулаад сольчихвол бүү үглэ. Зөв харуулж сольдог болтол нь өөрөөр нь хийлгэ. Эрчүүд ямар нэг зүйлийг хийж байж цаашид хийх сэдэл төрдөг. Нөхрөө амтгүй хоол хийж байвал хийж л байг, бүү өмнүүр нь ор. Дараа нь амттай хоол хийгээд сурчихна. Харин урамшуул, магт. Тэгвэл нөхрүүд хичээнэ. Эхнэрүүд надгүй л бол бүх юм болохгүй гээд өмнүүр нь орж хийгээд өөрийгөө хүлээсэнд оруулчихдаг. Энэ хүлээсээ тайлаад зүгээр л зарим нэг зүйлийг үг дуугүй нөхөртөө даатгаад үлдээчих. Хувцсаа өмсөөд, нүүрээ будаад, гараад явчих. Нөхрүүддээ итгэ. Тэдэнд ачааг нь үүрүүл гэж бүсгүйчүүддээ уриалсан. Энэ санаа бол мөнөөх л эрх тэгш байх жендэрийн тухай асуудал юм. Номынхоо бүлэг бүр дээр жендэрийн асуудлыг хөндсөн. Хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр хүртэл хэрхэн жендэрийн мэдрэмжтэй хүүхдээ өсгөх вэ гэдэг бүлэг байгаа.

-Нийгэмд гарч буй гэр бүл салалт, архидалт, хүчирхийлэл зэрэг сөрөг үзүүлэлтүүд жендэрийн эрх тэгш бус байдлаас үүдэлтэй гэж судлаачид хэлээд байна шүү дээ?

-Амралтын өдрүүдээс үл хамаараад өдөрт таван гэр бүл салдаг гэсэн тоо баримт бий. Ардчиллыг хэтэрхий задгай эдэлж, хэтэрхий их эрх чөлөөтэй байснаар дээрх үр дагавар гараад байгаа юм. Миний эрх чөлөө таныхаар хязгаарлагдана. Бие биеийнхээ эрхэд хүндэтгэлтэй хандахыг ардчилал гэж хэлээд байна. Баталгаагүй хамтран амьдрагч гэр бүл маш их нэмэгдсэн нь олон эрсдэл үүрүүлдэг. Олон эмэгтэйчүүд эцэггүй хүүхэдтэй хоцорч байна. Эрэгтэй хүн өрх гэрийн тэргүүн боллоо шүү гэдэг ухамсар, үүрэг хариуцлагыг нь оноохгүй байгаагаас олон мянган хүүхэд өнчирч хохирч үлдэж байна.  Гэр бүлийн тогтворгүй амьдралаас  болж тогтворгүй гэр бүлийг үүсгэх ирээдүйн хүүхэд бий болж байдаг.  Тэгэхээр залууст гэр бүл гэдэг тусдаа бие даасан ойлголт учраас маш их хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг багаас нь ойлгуулах хэрэгтэй.

-Хууль эрх зүйчид болоод гэр бүл судлаачид жендэртэй холбоотой нийгэмд нөлөөлөхүйц ажлуудыг хэр хийдэг юм бол?

-Манай гэр бүл судлаачид хэтэрхий даруухан байна. Мэргэжлийн судлаачид нийгэмд хандсан томоохон ажлыг хийж чадахгүй байна. Нэг дуучин лайв хийхэд хэдэн мянгаараа үздэг байж нэг судлаач гэр бүлийн тухай асуудлыг хөндөөд ярихаар үл ойшоох үзэгдэл харагддаг. Хүлээж авах хүмүүсийн сэтгэл зүй, харах өнцөг өөр, өөр учир тусгайлан хөтөлбөр боловсруулж хүнд хүргэх хэрэгтэй байна. Мэргэжлийн хүмүүс жендэрийн тухай онцлохдоо жендэрийн мэдрэмжийг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй гэсэн байдаг.

-Охид бүсгүйчүүдийн хувьд нийгэмд тэгш оролцох боломж харилцан адилгүй харагддаг. Сонгуулийн жил болж байна. Улс төрд оролцох эмэгтэйчүүдийн оролцоог харж л байна л даа?

-Охид, эмэгтэйчүүд яг үнэндээ тэгш биш гараанаас өрсөлдөж байгаа. Дэлхий дахинд 2030 он хүртэлх Мянганы тогтвортой хөгжлийн долоон зорилгын хүрээнд тодорхой зорилтууд дэвшүүлээд явж байна. Монгол Улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн хүрээнд тэгш биш байдлыг арилгахад зорьж  байгаа. Тэгш биш байдлыг үгүй болгоход тухайн ард түмний соёл боловсрол, амьдралын хэв маяг гээд олон хүчин зүйл нөлөөлдөг учраас өөрийнхөө хөрсөн дээр буулгах учиртай. Бодлогын түвшинд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх ёстой. Улс төр дээр нэг намд нэр дэвшигч нь эмэгтэйчүүд 30 хувь хүртэл байх ёстой. Гэтэл 30 хувьд нь тохирох эмэгтэйчүүд хэр байна вэ. Бид нэг талаараа бэлтгэлгүй байх шиг. Бид өөрсдийгөө бэлдэх, боловсруулах шаардлагатай байна. 30 хувь бол маш бага хувь. Энэ чинь л гарааны тэгш биш байдал байхгүй юу.

-Энэ хувийг нэмэгдүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ?

-Бусад орнуудтай харьцуулахад манай улс дундаж байна л даа. Америк зэрэг европын орнууд 50, 50 хувь байя гэдэг асуудлыг ярьж эхэлж байна. Финланд улсад боловсролын сайдаа 33 настай эмэгтэй сонгож байна. гэтэл Африкийн орнуудтай харьцуулахад эмэгтэйчүүд одоо л сонгох эрх нь үүсэж байна. Одооноос л ажил хийх  боломж бүрдэж эхэлж байна. Манай оронд улс төрийн оролцоо 50, 50 хувь болохын тулд уламжлалт сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Залуу эмэгтэйчүүд дор бүрдээ өөрийгөө хөгжүүлэх, бид чаддаг гэдгээ тод дуугарч, удирдлагадаа хүлээн зөвшөөрөгдөж, эсрэг хүйстэндээ өөрийгөө ойлгуулах,  үнэлүүлж чаддаг байх хэрэгтэй.

https://zindaa.mn/3998

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Лос Анжелес хотод үүссэн жагсаал, цуглаан, бослогын улмаас 12 цагийн хөл хорио тогтоолоо. 2020-06-02

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж хүүтэй нь холбоотой асуудалд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. 2020-06-02

Итали улсад халдварын тохиолдол буурсан байна. 2020-06-02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурлаа. 2020-06-02

Баянголын Эрүүл мэндийн төв нярайн тасагтай боллоо 2020-06-02

Хүүхдээ багаас нь ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ өсгөвөл нийгэмд гарах сөрөг нөлөө буурна 2020-06-02

АНУ-ын хотууд юуны учир эсэргүүцлийн давлагаанд автав 2020-06-02

Хөвсгөлд барих "Найрамдал-2" зуслангийн газрын асуудлыг шийдэхийг үүрэг болголоо 2020-06-02

ДЭМБ: Халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх нь бүрэн тэнхэрч байна. 2020-06-02

Тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн анхааралд 2020-06-02

Японд халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-06-02