Хөвсгөлд барих "Найрамдал-2" зуслангийн газрын асуудлыг шийдэхийг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тухайлбал, эх орондоо ирэх хүсэлт гаргасан БНЭУ-д сурч байгаа 219 монгол ламхай Засгийн газрын зардлаар авч ирэх шийдвэр гаргалаа. Ламхай нарын 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд аж. Харин ламхай нарын хувьд Дели хотоос 2000 км-ын зайтай газар шавилан суудаг. Тэднийг 2000 км газар өвчний тархалт өндөр бүс нутгуудаар дамжуулж, Дели хотод авчрах нь өөрөө эрсдэлтэй байгаа гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлж байсан юм. Түүнчлэн Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт олон улсын хүүхдийн Найрамдал-2 зусланг барихаар боллоо. Энэхүү зуслан нь 500 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай байх бөгөөд шаардагдах төсвийг ирэх 2021 оны Улсын төсөвт суутгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгав. Харин газрын асуудлыг нь шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Н.Цэрэнбат сайдад үүрэг болголоо.
Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Засгийн газар ээлжит бус хуралдаан хийж, хүүхдүүдтэй холбоотой хоёр чухал шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, олон улсын Найрамдал зусланг 42 жилийн өмнө байгуулж байсан. Тэгвэл Хөвсгөл далай байгалийн цогцолборт газарт "Найрамдал зуслан-2"-ыг байгуулах шийдвэр гарлаа. Энэхүү зуслан 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байх юм. Хүүхэд, багачууд маань байгалийн үзэсгэлэнт газарт амарч, алжаалаа тайлах боломж бүрдэнэ. Газрын асуудлыг нь судалж, шийдвэрлэхийг Н.Цэрэнбат сайдад даалгасан. Төсвийг 2021 оны төсөвт тусгахыг Сангийн сайдад үүрэгдсэн. Хоёрдугаарт, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой Засгийн газрын тогтоол гаргахыг шийдвэрлэлээ. Цар тахлын үед нийт хүн амынхаа амь насыг хамгаалахад анхаарч ажиллаж байна. Энэтхэг улсад 357 монгол ламхай нар сурч хүмүүжиж байна. Тэдгээрээс 219 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Тэдний амьдарч байгаа ойролцоо коронавирусний халдвар илэрсэн. Тэднийг яаралтай татаж авах шийдвэрийг гаргасан. Богино хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэж, эх оронд нь авч ирэхийг даалгасан тогтоол гаргахаар боллоо. Тусгаарлалтад байх хугацааны хөрөнгө, зардал болох 230 гаруй сая төгрөгийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана. Унааны зардлыг нь эцэг эхчүүд зэрэг тал талаас нь гаргахаар боллоо" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.