Хятадын өмнөд нутагт 2.6 сая хүн үер усны гамшигт нэрвэгджээ
Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Хятадын өмнөд нутгийн Гуанси мужийн хойд хэсэг, Гуандун мужийн төв болон өмнөд хэсэг, Гуйжоу мужийн өмнөд хэсэг, Хунань мужийн зүүн өмнөд хэсэг, Жянси мужийн хойд хэсэг, Анхуй мужийн өмнөд хэсэг, Жөзянь мужийн баруун хэсэг, Фүзянь мужийн баруун хойд хэсэг зэрэг нутгаар 100-300 мм хүчтэй аадар бороо орж байна.
Улмаар Гуанси, Гуандун, Фүзянь, Жөзянь, Жянси, Хунань, Гуйжоу, Юньнань зэрэг найман мужид 110 гаруй гол, мөрөн түгшүүрийн түвшнээс давсан хэмжээгээр үерлэжээ.
Хятадын Онцгой байдлыг зохицуулах газрын мэдээлснээр, өчигдөр буюу 9-ний өдрийн 14:00 цагийн байдлаар өмнөд нутгийн 11 мужид нийт 2.6 сая гаруй хүн үерийн гамшигт нэрвэгдээд байгаа бөгөөд 228 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн 1300 гаруй барилга байгууламж нурж, 145.9 мянган га тариалангийн талбай сүйдэж, эдийн засгийн шууд хохирлын хэмжээ 4.04 тэрбум юаньд хүрсэн байна.
Цаг уурын шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр, энэ сарын 12-15-ны өдөр Жянхань, Жянхуай, Жяннаний хойд хэсэг, Гуйжоу, Гуансигийн баруун хойд хэсэг, Сичуань зэрэг газраар нэлээд хүчтэй аадар бороо орно. Холбогдох байгууллагаас эдгээр бүс нутагт сэрэмжлүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийхийг даалгажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.