БНХАУ-д гарсан хатгалгаатай холбоотойгоор ҮНЭЛГЭЭНИЙ БАГ томиллоо

БНХАУ-д гарсан хатгалгаатай холбоотойгоор ҮНЭЛГЭЭНИЙ БАГ томиллоо

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод энэ сарын 3-наас эхлэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгдэж, зарим тохиолдлын биеийн байдал хүнд байгаа бөгөөд хавьтлуудыг хяналтад авчээ.

Өнөөдрийн байдлаар өвчлөлд өртөгсдийн тоо нэмэгдэж, 59 тохиолдол болсон ба долоон хүний байдал хүнд байна. Мөн Хонг Конгт 14 хүн Сингапурт бага насны 1 хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байна. Өвчтөнд амьсгалын замын халдварын шинж тэмдгүүд, халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрч байна. Тандалтаар далайн хоолны зах зээлд худалдаа эрхэлдэг худалдаачид, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн өртсөн. Одоогоор хүнээс хүнд халдвар дамжсан тохиолдол гараагүй, эрүүл мэндийн ажилчид өртөөгүй байна. Үүсгэгчийг тодорхойлох, шалтгааныг тогтоох тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрсдэлийн үнэлгээний баг ажиллаж, одоогийн байдлаар “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээний дүнд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Үүнд,
 

  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
  • Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
  • Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, гарын шууны дотор тал руу ханиаж найтаах;
  • Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
  • Хүүхдийг уушгины хатгалгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх.
     

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.