АНХААР: Нууцлаг вирус Азийг түгшээж байна

АНХААР: Нууцлаг вирус Азийг түгшээж байна

Хятад улс төдийгүй Ази тивийг түгшүүрт автуулаад буй хатгалгааны шинжлэх ухаанд танигдаагүй хэлбэрийн вирус хэрхэн бий болсон, ямар замаар халдварладгийг тогтоохоор Хятадын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд шуурхай ажиллаж буй ч одоогоор хүчин мөхөс байна.

Гэхдээ мэргэжилтнүүд дэлхийн нийтийг цочирдуулж байсан САРС буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчин биш гэдэгт итгэлтэй байна.

Одоогийн байдлаар энэ учир битүүлэг вирусээр халдварласан 59 тохиолдол Хятадын Хэбэй мужийн Ухань хотод бүртгэгдээд байгаа бөгөөд долоон өвчтөний биеийн байдал хүнд байна гэж Ухань хотын эрүүл мэндийн комисс мэдээлэв. Өвчтөнүүдэд хорио цээрийн хатуу нөхцөлд эмчилгээ хийж байгаа бөгөөд одоогоор хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 163 хавьтагч эмч нарын хяналтад ороод буй.

Түүнчлэн, хөрш Хонконгт халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Сингапурт гарсан сэжигтэй тохиолдол аз болж батлагдаагүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, энэ төрлийн хатгалгааны гол шинж тэмдэг нь өндөр халуурах, зарим өвчтөнүүдэд амьсгалахад маш хүндрэлтэй байгаа бөгөөд цээжний рентген зурагнаас үзвэл хоёр уушги нь хүчтэй гэмтсэн байдал илэрчээ.

Нууцлаг вирусээр халдварласан тохиолдол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хятад улсад бүртгэгдэж, 2002 онд Азийн улс үндэстнүүдийг аюулд учруулсан САРС вирус эргэн ирсэн байж болзошгүй гэсэн айдас төрүүлж байв. 2002 онд анх Хятад улсад бүртгэгдсэн САРС буюу амьсгалын цочмог халтай хам шинж халдварт өвчин дэлхийн 37 оронд 2002 арваннэгдүгээр сараас 2003 оны долоодугаар сарын хооронд тархаж, нийт найман мянга гаруй хүн халдварласнаас 774 нь нас барсан юм. Титэм вирусээр үүсгэгдсэн энэ өвчин халуурах, ханиах, толгой хүчтэй өвдөх, толгой эргэх зэрэг ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрдэг аж.
Ухань хотын эрх баригчид энэ нь САРС, МЕРС, шувууны ханиадны аль аль нь биш болохыг мэдэгдсэн байна.
 

САРС биш бол юу вэ?

Ухань хотын эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, халдвар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-29-ны хооронд хотын далайн гаралтай бүтээгдэхүүний зах дээр ажилладаг хүмүүсийн дунд дэгджээ. Халдваргүйжүүлэх зорилгоор энэ сарын 1-нээс хойш хаагдаад буй тус зах дээр далайн амьтдаас гадна шувуу, туулай, могой зэрэг бусад төрлийн амьтан зардаг тул энэ вирус амьтнаас хүнд халдварласан байж болзошгүй гэх таамаг дэвшүүлээд байна.

Хонконгийн Хятадын их сургуулийн шинжээч Дэвид Хуй Шү-чонг цоо шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн хатгалгаа байх магадлал өндөр байна гэж онцлоод өдгөө зах дээр борлуулагдаж буй ан амьтан халдварын шалтгаан мөн эсэхийг тогтоох шаардлагатай гэж CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Профессор Хуйн хэлснээр, шинэ төрлийн олон өвчин үүсгэгч амьтнаас хүнд халдварладаг. Амьсгалын цочмог халтай хам шинжийг үүсгэдэг титэм вирус Хятадын өмнөд бүс нутагт  тансаг амттанд тооцогддог суусараас халдварладаг бол МЕРС буюу Ойрх Дорнодын амьсгалын цочмог хам шинж өвчин үүсгэгч вирус нэг бөхтэй тэмээнээс халдварлаж байжээ.

Одоогийн байдлаар үл таних вирус хүнээс хүнд халдварласан тохиолдолд бүртгэгдээгүй бөгөөд өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнууд халдвар аваагүй нь халдварын тархалтыг зогсоох найдвар төрүүлж байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Гэсэн хэдий ч тус улс даяар халдвар тархах бий гэсэн айдас байсаар байна. Учир нь халдварын тархалт билгийн тооллын Шинэ жил буюу Цагаан сарын өмнө дэгдсэн нь хүмүүсийг сэтгэлийг түгшээж буй. Цагаан сарын аяллын улирлаар Хятадын олон сая  иргэн төмөр зам, авто зам, агаарын тээврээр зорчдог. Энэ сарын 25-нд тэмдэглэх Хятадын Цагаан сараар олон сая иргэн мөн гадаад руу аялахаар төлөвлөсөн нь тодорхой. Нөхцөл байдал хэр хүндрэх нь Ухань хотноо бүртгэгдсэн халдвар хүнээс хүнд халдварлах эсэхээс ихээхэн шалтгаална гэж Хонконгийн их сургуулийн вирус судлаач Лео Пүүн үзэж байна. Хэрэв энэ вирус зөвхөн амьтнаас хүнд халдварладаг бол тархалт харьцангуй бага байх боломжтой гэж тэрбээр тайлбарлажээ.

Гэсэн хэдий ч Хятадын их сургуулийн профессор Хуй хүнээс хүнд халдварлахгүй гэсэн баталгаа үгүй гэж анхааруулжээ. Түүний хэлснээр, амьсгалын замын халдварт өвчин үүсгэгч вирус ихэнх тохиолдолд хүнээс хүнд халдварладаг. Тиймээс халдварлалтын тархалтаас шалтгаална гэж тэрбээр үзэж байна.

 

Ази урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

Ухань хотод дэгдээд буй нууцлаг вирусийн халдвар Азийн улс орнуудыг түгшүүрийн байдалд оруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад хүргээд байна. Хонконгийн захирагч Кэрри Лэм сэжигтэй тохиолдлын тархалтыг зогсоох шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авна гэж мэдэгдэж, нисэх онгоцны буудалд Ухань хотоос ирж буй зорчигчдын халууныг хэмжих, үзлэгт оруулж байна. Түүнчлэн, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийн талаар эрх баригчдад мэдээлэхийг эмч нарт үүрэг болгожээ.

Хонконгийн эрүүл мэндийн газрын мэдээллээр, Уханиас ирсэн 21 хүнд өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээд байгаа аж. Тэдний долоо нь эмчийн хяналтаас гарсан бөгөөд Уханьд дэгдсэн халдварын вирус нэгэнд нь ч илрээгүй байна.

Сингапур улсад мөн Хятадаас ирж буй зорчигчдын халууныг хэмжиж байна гэж тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ. Сингапурын эмч нарт мөн өндөр сонор сэрэмжтэй ажиллах үүрэг өгсөн байна.

Өмнөд Солонгосын халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төв мөн хорио цээрийн ажлын хэсэг байгуулж, Ухань хот руу зорчиж буй иргэддээ зэрлэг ан амьтан, шувууд хүрэхгүй байх, орон нутгийн захаар явахгүй байх сануулга өгч байна. Тайван мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн талаар мэдээлсэн билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шалтгаан нь тодорхойгүй уушгины энэхүү хурц үрэвслийн эрсдэлийг тодорхойлох бүрэн мэдээлэл алга буй талаар мэдэгдээд зорчигчдод ямар нэгэн тодорхой зөвлөмж өгөх, Хятад руу зорчих, худалдаа хийх хязгаарлалт тавих зөвлөмж одоогоор гаргаагүй байна.

Намар, өвлийн улиралд ханиад дэгдэх магадлал өндөр байдаг. АНУ-д гэхэд энэ өвөл ханиадны дэгдэлт сүүлийн арван жилд байгаагүй өндөр байна гэж тус улсын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фоси дурджээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.