Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийлэх үеэрээ нэгэн ноцтой мэдээллийг өглөө. Тэрбээр “Хэдэн хүн арванхоёрдугаар сард нэмэлт зээл авсан байна.
Тэр хүмүүс дотор ҮАБЗ, Монголбанк, Засгийн газрын гишүүдтэй төрөл садны холбоотой хүн бий юү.
Тал, тал тийшээ тарсан байсан төсвийг нэгтгээд, төсвийн сахилгатай болсон. Гэтэл төсвийн гадуур зардал оруулаад ирлээ. Энэ нь макро эдийн засгийн хувьд аюултай зүйл. Сүүлийн хэдэн жил манай иргэд гэр бүлийн хэрэгцээний зээл аваад сурсан. Энэ шийдвэр УИХ-аас гарвал энэхүү зүй тогтол алдагдана. Миний ойлгосноор 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээл оны сүүлээр гарсан байна лээ. Нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг болоод байгаа юм билээ. ҮАБЗ-өөс зээл тэглэх асуудлаар зөвлөмж гаргах нь аль эрт тодорхой болсон юм билээ” гэсэн юм.
Түүний эл асуултын хариуд салбарын сайд С.Чинзориг “ҮАБЗ-ийн зөвлөмж гаргах сургаар, гарснаас хойш давуу байдлаа ашиглан бусдад зээл авсан эсэхийг мэдэхэд хэцүү.
Арванхоёрдугаар сарын 30-нд Засгийн газрын нууц хуралдаанаар хэлэлцсэн асуудал. Дараа нь Монголбанкны ерөнхийлөгчтэй тэтгэвэр барьцаалсан зээлийг нэгдүгээр сарын 1-нээс зогсоох талаар ярьсан.
Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг төсвийн харилцаанаас тусад нь зохицуулах зарчим баримталсан” гэсэн тайлбар өгсөн юм.
Эндээс нэг асуулт гарч ирнэ. Тэр нь Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэн үнэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх мэдэгдэл хийхээс урьтаж энэхүү мэдээлэл улс төрийн хүрээнд тарсан болж таарах нь.
Цаашлаад мэдээлэлд ойр байдлаа ашиглан 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаар дамжуулан авсан болох нь. Тийм бол энэ нь өөрөө ноцтой асуудал.
Тэр тусмаа гурван ч удаа Төрийн сайдаар ажилласан Ц.Мөнх-Оргил гишүүн амнаасаа дээрх мэдээллийг зүгээр ч нэг хэлээгүй нь лав. Ямартай ч, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудал парламентын босго давж, олон нийтийн анхаарал тийш чиглэх болсон энэ цаг үед Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэн үг бас нэгэн хардлага, эргэлзээг дагуулж эхэллээ.
Г.Эрхэс
эх сурвалж 24 цаг.мн
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.