БНСУ-ын тусгай төлөөлөгч АНУ-д очжээ.
БНСУ-ын цөмийн асуудал эрхэлсэн тусгай элч АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр Вашингтон хотод очжээ. БНАСАУ хоёр Солонгосын холбоо тогтоох байрыг дэлбэлэх зэрэг Сөүлийн эсрэг ажиллагааг явуулаад буй үед уг айлчлал болж байна.
Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Ду Хуныг Вашингтон хотын “Dulles” олон улсын нисэх буудалд ирж буй дүрс бичлэгийг Солонгосын “KBS” суваг үзүүлжээ.
Ли Ду Хуны айлчлалын талаар урьдчилан мэдэгдээгүйтэй холбоотойгоор Хөх ордон түүнийг тусгай элчийн хувиар илгээсэн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа ажээ. Түүнээс ямар зорилгоор айлчилж байгаа хийгээд хэнтэй уулзах талаар лавлахад хариулахаас татгалзсан байна.
Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайн, Төрийн нарийн бичгийн даргын орлогч бөгөөд БНАСАУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Бигун нартай уулзах магадлалтай байгаа ажээ.
Төрийн департамент БНАСАУ БНСУ-тай харилцаагаа таслах алхмуудыг хийсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ долоо хоногийн эхээр хоёр Солонгосын холбоо тогтоох байрыг нураасны хариуд “сөрөг үр дагавар бүхий үйлдлээ” зогсоохыг уриалжээ.
БНАСАУ БНСУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулна хэмээн сүрдүүлж, хилийн цэрэггүй бүсэд цэргүүдээ байрлуулна хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор хурцадмал байдал өсөн нэмэгдсээр байна.
https://montsame.mn/mn/read/228804
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.