Бээжингийн нисэх буудлууд коронавирусний улмаас 1500 орчим нислэгээ цуцалжээ

Бээжингийн нисэх буудлууд коронавирусний улмаас 1500 орчим нислэгээ цуцалжээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын нисэх онгоцны буудлууд тус хотод халдварын тархалтын байдал хүнд байгаатай холбогдуулан пүрэв гарагт 1500 орчим нислэгээ цуцалсан тухай “Бэйзин цинняньбао” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, Бээжингийн зүүн хойд хэсэгт орших Шоуду, өмнөд хэсэгт орших Дачин нисэх буудлууд агаарын тээвэрлэлтээ 77 хувь болон 85 хувиар тус тус бууруулах шийдвэр гаргажээ. Зорчигчид нийслэл рүү очих болон буцах онгоцны тийзээ нэмэлт хураамж төлөлгүйгээр буцаах боломжтой гэдгийг өмнө нь мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн өмнөд хэсэгт орших Фэнтай дүүргийн хүнсний бөөний худалдааны "Шиньфади"  зах дээр коронавирусний халдвар дэгдсэн билээ. Сүүлийн тав хоногт Хятадын нийслэл хотод өдөр бүр 30 орчим шинэ тохиолдол илэрсэн байна. Бээжингийн захиргаа хариу арга хэмжээ авах түвшнийг хамгийн өндөр түвшинд хүргэж дээшлүүлж, орон сууцны бүх хороололд хяналтыг чангатган "дайны үеийн дэглэм" тогтоосон юм. "Дайны үеийн дэглэм" нь онц байдлаас ялгаатай бөгөөд юуны өмнө хотын иргэд халдварын тархалттай тэмцэхэд засгийн газарт сайн дураараа идэвхтэй дэмжлэг үзүүлэх ёстой байна. 

Статистик мэдээллээс үзвэл, БНХАУ-ын нийслэл хотын эмнэлгүүдэд  коронавирусний халдвартай 159 хүн эмчлүүлж байна. Тус хотод зургадугаар сарын 11-ний байдлаар ганцхан өвчтөн бүртгэгдсэн байсан юм. Цар тахал дэгдсэнээс хойш Бээжинд 752 хүн халдвар авснаас 584 нь эдгэрч, есөн хүн нас баржээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.