Хятад, Африкийн Цар тахлын эсрэг хамтран тэмцэх дээд хэмжээний онцгой хурал цахимаар явагдлаа.
Хурлыг Бээжин хотоос БНХАУ-ын дарга Ши Жиньпин удирдан явуулж, илтгэл тавилаа.
Ши Жиньпин илтгэлдээ “Дэлхий нийтээр COVID-19-ийн халдварын эсрэг тэмцэж буй чухал цаг үед бид энэ удаагийн Хятад, Африкийн дээд хэмжээний онцгой хурлыг хуралдуулж, анд найзууд та нартай цахим хэлбэрээр уулзаж, эв нэгдэн халдварын эсрэг тэмцэх төлөвлөгөөг хамтаар зөвшилцөж байна. Энэ удаагийн халдвар гэнэт үүсэж, дэлхийн олон орнуудад ноцтой хүндрэл учруулж, хэдэн зуун мянган хүний алтан аминд хүрлээ. Бид халдварын улмаас зол бусаар нас барагсдад эмгэнэл илэрхийлж байна. Хятад улс болон Африк тив хатуу сорилтыг тууллаа. Хятад улсын ард түмэн шаргуу хатуужилтай хичээл зүтгэл, асар их зардал гаргаж, дотоод дахь халдварыг тогтоон барьсан. Гэтэл буцаад нэмэгдэх дарамтад ороод байна. Африкийн олон орнуудын засгийн газар болон ард түмэн эв сэтгэлээ нэгтгэн, Африкийн Холбоо бүх хүчээ дайчлан зохицуулалт хийж, арга хэмжээ авснаар халдварыг үр дүнтэй намдааж, амжилтад хүрсэн юм. Хятад улс, Африк тив харилцан туслалцаж, мөр зэрэгцэн тэмцлээ. Хятад улс халдварын эсрэг тэмцэж байсан хамгийн бэрхшээлтэй цаг үед Африк тив дэмжлэг ирүүлснийг бид сэтгэлдээ бат санаж явах болно. Африк тивд халдвар гарснаас хойш Хятад улс хамгийн түрүүнд туслан дэмжиж, Африк тивийн ард түмний хамт гуйвшгүй бат зогссон. Цаашид Хятад улс болон Африк тив улам илүү эв нэгдэл, найрсаг итгэлцлээ бэхжүүлэх нь зүйтэй. Олон улсын чиг хандлага хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Африкийн эв нэгтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэх Хятадын талын зориг шийдвэр бол гуйвшгүй юм” гэж дурдлаа.
Дээд хэмжээний онцгой хурлыг Хятадын тал болон Африкийн Холбооны ээлжит жижүүр дарга орон Өмнөд Африк, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын хамтаар даргалагч орон Сенегал улсууд санаачилжээ. Хуралд Африкийн орнуудын удирдагчид, түүнчлэн Африкийн Холбооны комиссын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ДЭМБ-ын Ерөнхий захирал нар зочноор уригджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.