Бээжингийн хорооллууд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгав
Бээжин хот онц байдлын зэрэглэлийг гурваас хоёр болгон ахиулсантай холбоотойгоор орон сууцны хорооллуудад дагаж мөрдөх журмыг эргээд чангарууллаа. Тодруулбал, орон сууцны хорооллуудын үүдэнд 24 цагийн харуул хамгаалалт гаргаж, хороолол руу орж гарахдаа тухайн хорооллын оршин суугчийн үнэмлэхээ уншуулах, халуунаа хэмжүүлэх, бичиг баримтаа шалгуулах, бүртгүүлэх шаардлагатай болжээ. Бага зэргийн эрсдэлтэй байршлын хорооллууд руу хүргэлтийн үйлчилгээ зэрэг үйлчилгээний байгууллагын ажилтнууд холбогдох эрүүл мэндийн аппликейшнээ шалгуулж, бүртгүүлэн нэвтрэх боломжтой. Харин дунд болон өндөр зэргийн эрсдэлтэй газрууд руу гадны хүн, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийг хориглосон байна. Мөн халдварыг цааш тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хориглоогүй ч гарч буй иргэдэд тавих шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Дараах хүмүүсийг Бээжин хотоос гадагш гарахыг хоригложээ. Үүнд: нэгд, коронавирусний халдвар авсан нь батлагдсан, сэжигтэй тохиолдол болон дээрх хүмүүстэй ойр харилцаатай иргэд, шинж тэмдэггүй халдвар тээгч, халуурах шинж тэмдэгтэй хүмүүс. Хоёрт, 5-р сарын 30-наас хойш Шиньфади захаар үйлчлүүлсэн иргэд болон тэдгээрийн хавьтагч. Гуравт, дунд болон өндөр эрсдэлтэй газруудын иргэд зэрэг юм. Өчигдөр буюу 17-ны өдрийн 0-24 цагийн хугацаанд Бээжин хотод шинээр коронавирусний халдвар авсан 21 тохиолдол бүртгэгдэж, нийт 159 халдвар авсан хүн эмнэлэгт эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.