КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр байна
БНХАУ-ын Ухань хотын эмнэлгийн ажилтан, өвчтөнүүдэд коронавирусээр дахин халдварлахаас сэргийлэх урт хугацаанд амьдрах чадвартай эсрэг биет бараг илрээгүй байна. Өөрөөр хэлбэл, КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр байна гэж шинжлэх ухааны цахим номын сан medRxiv мэдээлжээ.
Коронавирусний эсрэг G иммуноглобулин ангиллын эсрэг биет Уханийн эмнэлгийн цөөн ажилтнуудад илэрчээ. Судалгаанд оролцсон эмнэлгийн ажилтнуудын ихэнх нь КОВИД-19-өөр халдварлаж, эдгэрсэн аж. Тиймээс коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүст урт хугацаанд амьдрах чадвартай эсрэг биет үүсэх хандлага ажиглагдаагүй байна. БНХАУ, АНУ-ын эрдэмтэд хамтран 2020 оны хоёрдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 29-ний хооронд Уханийн хэд хэдэн эмнэлэгт эмчлүүлсэн өвчтөн, эмнэлгийн ажилтнуудад эсрэг биет үүссэн эсэх судалгаа хийжээ. Судалгаанд 23 мянга гаруй хүн оролцсоноос 25 хувь нь халдвар авсан өвчтөнүүд байжээ. Оролцогчдын дөрвөн хувьд нь эсрэг биет үүссэн байсан нь судлаачдын түгшээсэн байна. Эрдэмтэд оролцогчдын 10 хувьд нь эсрэг биет үүссэн байх боломжтой ч эдгэрснээс нь хойш нэг сарын дотор эсрэг биет алга болсон гэж үзэж байна.
Эсрэг биет гэдэг нь гаднаас хүний биед орсон вирус болон бусад өвчин үүсгэгчдийг устгадаг цусны уураг юм. Бие организм өвчин үүсгэгч бүрийн эсрэг тусгай эсрэг биетийг бий болгодог бөгөөд эдгээр нь тодорхой хугацаанд цусанд хадгалагдан үлддэг байна. Тухайлбал, G иммуноглобулин 12 хүртэл жил амьдрах чадвартай аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.