Бразилд коронавирусээр халдварласан хүний тоо 1 сая давжээ
Бразилд коронавирусээр халдварласан хүний тоо 1 сая давжээ. Баасан гаргийн орой шинэчилсэн албан ёсны статистик мэдээллээс үзвэл, өнгөрсөн хоногт тус улсад 52771 шинэ тохиолдол илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж нийт тохиолдлын тоо 1032913-д хүрчээ.
Халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 1206-аар нэмэгдэж, 48954-д хүрсэн бол нийт 507200 хүн эдгэрчээ.
Бразилд халдварын тархалтын голомт нь Сан Паулу муж болон тус мужийн нийслэл болоод байгаа юм. Энэ бүс нутагт 211658 хүн халдвар авч, 12232 хүн нас баржээ.Өөрийгөө тусгаарлах дэглэмээс аажмаар татгалзаж, хэвийн амьдралдаа эргэн орохыг эрх баригчид 6 дугаар сарын эхээр мэдэгдсэнээр шинээр илэрсэн тохиолдлын тоо нэмэгдэх хандлага ажиглагджээ. Тийнхүү бүс нутгийн захиргаа хязгаарлалтаа дахин чангатгахаас өөр аргагүйд хүрээд байна.
Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт, тус мужтай хөрш зэргэлдээ оршдог Рио-де-Жанейро орж байгаа бөгөөд энд 93378 хүн халдвар авч, 8595 хүн нас барсан байна. Гуравдугаарт халдварын 89863 тохиолдол бүртгэгдэж, 5460 хүн нас барсан зүүн хойд нутгийн Сеара муж оржээ. Тус мужид 57980 хүн эмч нарын хяналтанд байна.
Халдварын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байх
6 сая гаруй хүн амтай хотод нь халдвар дахин дэгдэж болзошгүй бөгөөд үүнд бэлтгэлтэй байгаа гэдгээ Рио-де-Жанейро хотын дарга Марселу Кривелла мэдэгджээ.
“Халдварын хоёр дахь давалгаа дэгдэх боломжтой юу гэвэл тийм. Нэн ялангуяа оршин суугчид амны хаалт хэрэглэхгүй, гараа угаахгүйгээр олноороо бөөгнөрвөл ийм зүйл болно. Гэсэн ч бид бэлтгэлтэй байгаа” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Тус хотод өнгөрсөн хоногт халдварын улмаас 48 хүн нас баржээ. Халдварын сэжиг бүхий 14 тохиолдол бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.