Бразил, Энэтхэгт илүү олон хүн коронавирусаар халдварласаар байна
Бразилд “Covid-19”-н улмаас 50 мянга гаруй нас барсан тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 1 сая даваад байна. Үүнтэй холбоотойгоор Бразилд хэдхэн долоо хоногийн дараа цар тахал оргил үедээ хүрнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Эрх баригчид гадны иргэдийн улс оронд нэвтрэх эрхэд тавьсан хоригоо дахин 15 хоногоор сунгажээ.
Улс орны эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн байлгах нь өөрийгөө тусгаарлах хатуу арга хэмжээ авахаас илүү чухал болоод байна гэж Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару өмнө нь мэдэгджээ. Ийнхүү мэдэгдсэнийг нь олон улсын шинжээчид төдийгүй Бразилын оршин суугчид нэг бус удаа шүүмжилжээ.
Цар тахал тус улсад дэгдэж эхэлснээс хойш Эрүүл мэндийн сайд нь хоёр ч удаа солигджээ. Тодруулбал, цар тахалтай тэмцэх стратегийн талаар Ерөнхийлөгч Жаир Болсонарутай санал зөрөлдсөний улмаас дөрөвдүгээр сарын 16-нд Луис Энрике Мандетт албан тушаалаасаа огцорсон бол тавдугаар сарын 15-нд түүнийг залгамжлагч Нелсон Тейкс огцорчээ. Тэрбээр мөн өвчний эрт үед гидроксихлорохин эм өгөх талаар төрийн тэргүүнтэй санал зөрөлдсөн байна.
Хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа хэдий ч Бразилд өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгч Болсонаруг дэмжигчид төдийгүй эсэргүүцэгчид оролцсон хэдэн мянган хүн жагсаал цуглаан хийжээ. Халдварын тохиолдлын тоогоор Бразил АНУ-ын ард бичигдэж байгаа юм.
Өнгөрсөн ням гарагт Энэтхэгт нэг өдрийн дотор халдварын 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 410 мянга давжээ. Халдварын улмаас тус улсад 14 мянган хүн нас баржээ. Энэтхэг халдварын тохиолдлын тоогоор дөрөвдүгээрт буюу АНУ, Бразил, ОХУ-ын ард жагсаж байна.
Хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн эрх баригчид хөл хорионы дэглэмээ сулруулахад халдвар авсан хүний тоо хурдацтай өсөж эхэлжээ. Тус улсад 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд үргэлжилдэг борооны улирлын үеэр цар тахлын дэгдэлт оргил үедээ хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Бусад орны хувьд коронавирусний халдвар эрэгтэйчүүдэд илүү хүнд хэлбэрээр илэрч, нас барсан тохиолдлууд бүртгэгдэж байхад Энэтхэгт энэ өвчний улмаас эмэгтэйчүүд илүү хохирч байгааг статистик мэдээлэл харуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.