АНУ Хятадын хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллагын үйл ажиллагаа явуулах журмыг чангатгажээ
АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын хэвлэл мэдээллийн дахин дөрвөн байгууллагын статусыг “гадаадын төлөөлөгчийн газар” гэж тодорхойлон үйл ажиллагаа явуулах журмыг нь чангатгаж байна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.
“Хятадын Коммунист намын ивээл дор явуулж буй үйл ажиллагааг ил тод болгохын тулд би Хятадыг сурталчилдаг дөрвөн байгууллагыг гадаадын төлөөлөгчийн газар гэж тодорхойлохыг үүрэг болголоо” гэж тэрбээр "Twitter" хуудсандаа мэдэгдсэн байна. Төрийн Департаментын хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсанаар, энэхүү шийдвэрт Хятадын төв телевиз, “China News Service”, “The People's Daily” болон “The Global Times” гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамаарч байгаа аж.
Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох "Синьхуа" агентлаг, “CGTN” телевизийн суваг, “Хятадын олон улсын радио” болон “Жунго Жибао”, "Жэньминь жибао" сониныг АНУ-д түгээдэг “Hai Tian Development USA” компанийн үйл ажиллагаа явуулах журмыг АНУ-ын засаг захиргаа хоёрдугаар сард чангатгасан юм.
Шинэ журмын дагуу Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гадаадын Элчин сайдын яамдад үйлчилдэг журмыг баримтална. Тэд АНУ дахь ажилтнуудынхаа жагсаалтыг гаргаж, боловсон хүчнийхээ халаа сэлгээний талаар тайлагнахаас гадна, өөрийн эзэмшдэг эсвэл түрээсэлж буй үл хөдлөх хөрөнгийг Төрийн департаментад бүртгүүлэх ёстой.
Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортегусын хэлснээр, дээрх есөн байгууллага нь "Хятадын Засгийн газрын хяналтад байдаг" тул гадаадын төлөөлөгчийн газар гэж тодорхойлох шалгуурыг хангаж байгаа аж.
Үүний зэрэгцээ энэхүү шийдвэрийг гаргахдаа хэвлэл мэдээллийн эдгээр хэрэгслийн нийтэлж буй материалуудын агуулгад үндэслээгүй учир “АНУ-д нийтэлж болох материалуудад хязгаарлалт тавихгүй” гэдгийг мэдэгдэлд дурдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.