Мексикт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Мексикт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Мексик улсын өмнө зүгийн далайн эргийн бүс нутагт орон нутгийн цагаар өнөөдөр 10:29-д газар хөдлөлт болсон байна. Америкийн Геологийн Судалгааны Төвөөс өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн голомт нь Оаксака хотоос зүүн өмнө зүгт 145 км зайд орших далайн эргийн бүс гэж тооцоолжээ.

Газар хөдлөлт Мексикийн нийслэл Мехико хотод мөн мэдрэгджээ. Тус хотод газар чичирхийлэх үеэр иргэд барилга, байшингаасаа гүйн гарч, задгай талбай, гудамжинд цуглаж байгаа нь дүрс бичлэгээс харагдаж байна. Мөн энэ газар хөдлөлтийн улмаас Салина Крус боомтын ойролцоо 70 сантиметрийн өндөртэй цунами ажиглагдсан талаар "NHK" мэдээлжээ. Мексикийн Ерөнхийлөгч газар хөдлөлтийн голомтын ойролцоох бүс нутгуудад харилцаа холбоо тасраад байгааг хэлснээс гадна хор хохирлын талаар нарийн мэдээлэл одоогоор байхгүй байгааг дуулгажээ.

Ер нь Мексик улсад хүчтэй газар хөдлөлт болох нь түгээмэл юм. 2017 онд л гэхэд тус улсад нэг сарын дотор хоёр ч удаа хүчтэй газар хөдлөлт болж, олон зуун хүн амиа алдаж, байшин барилга нурж байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.