Вирус судлаач: АНУ-д ойрын хэдэн 7 хоногт халдварын тоо өсөж магадгүй
АНУ-ын вирус судлалын гол мэргэжилтэн Америкийн зарим мужуудад ойрын хэдэн долоо хоногт цар тахлын дэгдэлт нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Цагаан ордны "Ковид-19" цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн вирус судлаач эмч Энтони Фаучи Конгрессын төлөөлөгчдийн танхимд тайлан танилцуулахдаа ойрын хэдэн долоо хоногт Флорида, Техас, Аризона зэрэг муж улсуудад коронавирусний халдвар эрчимтэй өсөх төлөвтэй байгааг анхааруулжээ.
Иймд оношлох үйл явцыг эрчимтэй явуулж, халдвар илэрсэн өвчтөнийг нэн яаралтай хөл хорионд оруулж, халдвар тархах замыг эрт зогсоох шаардлагатай байна гэж вирус судлаачид үзэж байна. Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Трамп хэтэрхий олон халдвар илэрч байгаа учраас оношлох үйл явцыг цөөрүүлэхийг холбогдох байгууллагууддаа үүрэг болгосноо мэдэгдсэн юм.
Харин цагаан ордны цар тахалтай тэмцэх ажлын хэсэгт ерөнхийлөгчөөс ямар нэгэн тушаал ирээгүй учраас оношлох үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэж мэдэгдэж байна. АНУ-ын бүх мужид эдийн засгийн үйл ажиллагааг сэргээсэн. Гэвч сая амралтын өдрүүдээр 12 мужид халдварын тоо өсөх хандлага ажиглагджээ. Өнөөдрийн байдлаар АНУ даяар цар тахлын халдварт тохиолдол 2,4 сая гаруй, нас барсан 123 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.