“Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдэд хүндэтгэл үзүүлж, батламж гардуулав
Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Шинжлэх ухааны зөвлөл”-өөс мягмар гарагт буюу 2020 оны 6 дугаар сарын 23-нд гишүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
Үндэсний хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-33 дугаар тушаалаар Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын уялдааг сайжруулахад нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухааны үндэстэй судалгааны чиглэлийг тодорхойлоход бодлогын зөвлөмж, дэмжлэг үзүүлэх зорилго чиг үүрэгтэй “Шинжлэх ухааны зөвлөл”-ийг Үндэсний хөгжлийн газрын даргын дэргэд байгуулан ажиллаж ирсэн юм.
Үндэсний хөгжлийн газраас энэхүү хүндэтгэлийн уулзалтын үеэр Монголын шинжлэх ухааны ахмад үе, салбарын тэргүүлэх эрдэмтдийн төлөөлөл болсон та бүхний хамт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд огт тусгагдаагүй байсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг сөхөн босгож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгаж чадсан нь Та бидний хамтын ялалт төдийгүй, улс орны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой алхам боллоо хэмээн онцолж байсан юм.
Үндсэн хуулийн 25.1.7-д хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн заалт болон бусад холбогдох заалтуудыг үндэслэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр УИХ-аар баталсан нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн салбарт дахин сэргэлт авчирсан сайхан үйл явдал болсон билээ.
“Шинжлэх ухааны зөвлөл”-ийн эрхэм гишүүдийн оролцоотой Засгийн газрын бүтцэд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг үндэсний хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулах эрх зүйн үндэс бүрдээд байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.