Ч.Содномцэрэн: 2000 оноос хойш хамгийн өндөр ирцтэй сонгууль байлаа

Ч.Содномцэрэн: 2000 оноос хойш хамгийн өндөр ирцтэй сонгууль байлаа

 СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг өнөөдөр нийтэд албан ёсоор танилцууллаа.

УИХ-ын ээлжит сонгууль нь Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай болон бусад хуульд бүрэн нийцсэн гэж СЕХ үзснийг тус хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв. Тэрбээр, “Ээлжит хууль эрх зүйн шинэ орчинд төрийн 35 мянга 772 албан хаагч ажиллаж, амжилттай зохион байгууллаа. Хуулиа дээдлэн ажилласан төрийн албан хаагчиддаа баярлалаа. УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвслийн 485 нэр дэвшигч нэр дэвсэн. Мөн 121 иргэн бие даан нэр дэвшлээ. Ээлжит сонгуульд 2 сая 3 мянга 669 иргэн бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 895 сонгогч саналаа өглөө. 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулиас хамгийн өндөр ирцтэй нь байлаа. Санал хураалт дууссаны дараа 846 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гарсангүй. Сонгуулийг Монгол Улсын 300 гаруй сэтгүүлчээс гадна ОХУ, БНСУ, БНХАУ, Катарын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид сурвалжиллаа. Мөн АНУ, Австрали, Япон, Английн ажиглагчид ажигласан. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн 300 гаруй ажиглагч ажиллаа. МАН-аас 62, АН-аас 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн-Электорат" эвсэлээс 1,  бие даагч 1 сонгогдсон” хэмээв.

СЕХ өчигдөр буюу энэ сарын 25-нд хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн олонхын санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргажээ. Улмаар УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд гардуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Үүний дараа тогтоолыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлэх аж.

Сонгогдсон хүмүүсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.