“Медиа чуулган нь Орос, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сэргээнэ”
Улаанбаатар хотноо энэ сарын 2-6-ны өдрүүдэд Орос, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа чуулган “Найрсаг хөршүүд-хэл хязгааргүй яриа” сэдвийн дор болох гэж байна. Хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа чуулганыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс санаачлан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулж буй юм. Орос, Монгол хоёр улсын медиа чуулган зохион байгуулахтай холбоотойгоор ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев Амгалан Ринчиновичтой ярилцлаа.
-Орос, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа чуулган болох гэж байна. Чуулганаар ямар үйл ажиллагаа зохион байгуулагдах вэ?
-Оросын шинжлэх ухаан, соёлын төвд хоёрдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Орос, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа чуулганыг зохион байгуулна. Чуулга уулзалтыг зохион байгуулахад ОХУ-ын Элчин сайдын яам, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, зэрэг байгууллагууд санаачлан оролцож байна. Мөн Оросын бүх сэтгүүлчдийн холбоо, Монголын талаас МСНЭ хамтран зохион байгуулж байгаа юм. Медиа чуулганд ОХУ-ын хил залгаа мужуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын ерөнхий эрхлэгч нарыг урьж оролцуулж байгаа. Чуулганд Эрхүү, Буриад муж болон Алтайн хязгаар руу урилга явуулсан байгаа. Мөн Халимаг, Тува улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлөөлөгчөө оролцуулах урилга явуулсан. Одоогийн байдлаар Буриадаас 10 төлөөлөгч ирүүлэхээ мэдэгдэж, мэдүүлгээ ирүүлээд байна. Эрхүү мужаас зургаан хүн ирнэ. Мөн Москвагийн “Окно ТВ” компаниас төлөөллөө ирүүлэхээр саналаа ирүүлээд байгаа. Энэ компани бол телевизийн тоног төхөөрөмж нэвтрүүлдэг компани юм. Тус компани нь ОХУ-д Спортын ордон, Соёлын ордон, Сочигийн олимпод зориулсан бүх тоног төхөөрөмжийг нийлүүлсэн том компани байгаа. Одоогоор дээрх мужуудаас нийт 20-иод төлөөлөгч ирэхээ мэдэгдсэн. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Энэ жил хил залгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцохоор төлөвлөсөн.
Ирэх жилээс ОХУ-ын хэмжээнд Москва, Санкт-Петербургийн төлөөлөгчдийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулна. Цаашид энэ чуулга уулзалтыг жил болгон зохион байгуулна. Чуулганы хөтөлбөрийн хүрээнд Орос, Монголын хэвлэл мэдээллийн байгууллага өөрийнхөө танилцуулгыг хийнэ. Тиймээс Монголын талаас хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийн төлөөлөл, тэдний удирдлагуудыг урьж байгаа. Хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд чуулганд оролцсоноороо шууд гэрээ хэлэлцээр байгуулах боломжтой. Тэгэхээр хэвлэл мэдээллийн удирдах түвшний хүмүүсийг оролцуулж, яриа хэлэлцээ хийж, цаашид хамтын ажиллагаа явуулах бололцоотой болгох гээд олон талын ажил өрнүүлэхийг зорьж байна. Телевиз, сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагууд оролцож, хамтын үйл ажиллагаа шууд ярилцах бололцоотой байх болов уу. Нээлтийн үйл ажиллагаан дээр хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагууд танилцахаас гадна дугуй ширээний уулзалт болно. Уулзалтаар хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Орос, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ үзэглэх ёслол болно. Хамтын ажиллагааны санал, гэрээний төслийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлээд байна. Дараагийн өдрүүдэд ОХУ-ын төлөөлөгчид Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай танилцана. Тухайлбал, МҮОНРТ, зарим сайт, медиа компаниудын ажилтай танилцах юм. Түүнчлэн ОХУ-ын төлөөлөгчид Төрийн ордонтой танилцаж, УИХ, Засгийн хэмжээнд уулзалт зохион байгуулах, АПУ компанитай манай хэвлэл мэдээллийнхэн танилцах гээд олон арга хэмжээ байгаагаас гадна соёлын хөтөлбөр ч багтана.
-Медиа чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ?
-Монголын тухай мэдээлэл ОХУ-д хомс байдаг. Монголын хил залгаа ОХУ-ын мужууд хүртэл юу болж байгааг мэддэггүй. ОХУ-д Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газар байдаггүй. Би өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсны хувьд зохих хэмжээгээр Монголын тухай мэдээллийг ОХУ-д түгээхийг эрмэлздэг байсан. Тэр хэмжээгээр ОХУ-д болж буй мэдээллийг Монгол оронд хүргэхийг хичээж ирсэн. Тийм учраас ОХУ-ын үзэг нэгт нөхдийг Монголд авчирч, хоёр орны мэдээллийг хомс байдлыг арилгах зорилгоор энэ чуулганыг зохион байгуулж байна. Чуулган нь Орос, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сэргээх томоохон ажил болно. Тэгэхээр хамгийн гол нь хамтын ажиллагааны хүрээнд ярьсан зүйлээ ажил хэрэг болгохыг би эрмэлздэг. Чуулга уулзалт зохион байгуулаад өнгөрөх биш хамтын ажиллагааны гэрээг ажил болгох, хэрэгжүүлэхийн төлөө чиглүүлэн ажиллах болно.
-Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил хийх вэ. Контент, туршлага солилцох гэх мэт?
-Хамтын ажиллагааны өргөн хүрээ байгаа гэж хардаг. Телевиз нь телевизтэйгээ, сонин хэвлэл нь сонинтой хамтран ажиллаж, туршлага солилцоно. Телевиз гэхэд уран сайхны баримтат кино, хөтөлбөр, мэдээллээ солилцож болно. Мөн реклам солилцож болох юм. Радиогийн хувьд дуу хөгжим, хөтөлбөрөө солилцохоос гадна шууд хоорондоо холбогдож, яриа хөтөлбөрөө дамжуулах боломжтой. Би Эрхүүд байхдаа Монголын радиог сонсдог байсан. Мэдээллийн агентлагуудын хувьд мэдээллээ солилцох бүрэн бололцоотой. Намайг Орост амьдарч байхад Монголын тухай мэдээлэл хомс байдаг ч ОХУ-д Монголын тухай мэдээлдэг орос хэл дээрх хоёр, гурван сайт байдаг. Монголыг сонирхсон хүмүүс тэр сайтууд руу орж мэдээлэл авдаг. Гэтэл тэр сайтууд нь заримдаа идэвхтэй ажилладаг ч, заримдаа мэдээ мэдээллээ нийтлэхээ больчихдог. Иймд зориуд ОХУ-аас шийдвэр гаргах түвшний хэвлэл мэдээллийн эздүүдийг урьж авчирч байгаа. Хамтын ажиллагаа эхлүүлэх тал дээр шууд яриа хэлэлцээр хийгээд явах бололцоотой гэж ойлгож болно.
-Та хэвлэл мэдээллийн салбартай олон жил хамтран ажиллаж байгаа хүн. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа, хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Би сүүлийн 20 жил Монголын хэвлэл мэдээллийн байгууллагатай тогтмол хамтран ажиллаж байна. Танай улсын хэвлэл мэдээллийн хууль бол дэлхийд хамгийн либерал хууль. Хамгийн эрх чөлөөтэй хууль гэж хэлж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд зохих хэмжээгээр санхүүгийн бололцоотой байдаг гэж хэлж болно. Зарим нь санхүүгийн хүндрэлтэй үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд ч бий. Гэхдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдагт нь хүндлэлтэй ханддаг. Монгол Улсад хэвлэл мэдээллийн байгууллагын тоо олон, телевиз гэхэд 100 гаруй бий. Үзэгчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд зохих ёсоор цаашид үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэлтэй байдаг.
Тэгэхээр ерөнхийдөө Монгол, Оросын хэвлэл мэдээллийн байгууллага хамтарч ажиллахад нэг асуудал байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийн хэлний мэдлэг хоёр орны хамтын ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Хэлний мэдлэггүйгээс болоод хоорондоо харилцах асуудал хүндэрдэг. Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг өрнүүлэхэд Орос хэлний мэдлэгтэй хүн байвал илүү үр дүнтэй байх болов уу. Нөгөө талаар Оросын хэвлэл мэдээллийн байгууллагад ч Монгол хэл мэддэг хүн байна гэхэд хэцүү. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд Орос хэл Монголд өргөн дэлгэрсэн. Судалж, үздэг байсныг бид сайн мэднэ. Тийм учраас энэ асуудлыг зохих ёсоор шийдэхийн тулд Оросын соёлын төвийн зорилго нь Монгол хүмүүст Орос хэл, Орос соёлыг түгээх явдал юм. Тийм учраас “Россотрудничество” агентлагийн гол зорилго бол Оросын Засгийн газраас их дээд сургуульд оюутнуудыг тэтгэлгээр сургах хуваарийг Монголоос олон болгох явдал юм. Өнгөрсөн жилээс ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 500 Монгол оюутан их, дээд сургуульд үнэгүй суралцах эрх олгож байгаа. ОХУ-ын ямар ч сургуульд 4-5 жил үнэгүй сурах эрх юм. Ирэх хоёрдугаар сарын 13-15-ны хооронд Оросын шинжлэх ухааны соёлын төв дээр Оросын их, дээд сургуулийн үзэсгэлэн нээгдэнэ. Энд Оросын их, дээд сургуулиуд өөрийн сургуулиа танилцуулах ажил явагдана. Дараа нь хоёрдугаар сарын 17-22-ны хооронд Монголын сурагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, Орос хэлнийхээ шалгалтыг амжилттай өгсөн сурагч ОХУ-д суралцах эрхээр хангагдана. Манай энэ хөтөлбөр 2014 оноос эхэлсэн. Энэ хугацаанд 2000 орчим Монголын охид, хөвгүүд ОХУ-ын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхээр хангагдсан. Эдгээр оюутнууд сургуулиа төгсөж, орос хэл зохих хэмжээгээр эзэмшээд Монголдоо ирнэ. Тэгэхээр суралцагчид маань Монгол, Оросын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна. Мөн Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.