Наадмын хамгийн удаан барилдаан 55 минут үргэлжилсэн бол хамгийн богино нь 14 секунд байлаа
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанаас эхлэн барилдааны хугацааг харуулсан юм. Ингэхэд наадмын хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн барилдаан 55 минут байсан бол хамгийн богино хугацаанд болсон барилдаан 14 секунд байлаа.
Тодруулбал, Улсын начин Ч.Хөхчирэнгэр Улсын начин Ш.Дарханбат нарын гурвын давааны барилдаан 55:37 минут үргэлжилж, Ш.Дарханбат давжээ. Харин Улсын харцага Ө.Даваабаатар Аймгийн арслан Д.ХҮдэрбулга нар гурвын даваанд 0:14 секунд барилдсан нь хамгийн богино хугацаанд болсон барилдаан болж байна. Энэхүү барилдаанд Д.Хүдэрбулга давсан юм.
Ингээд гурвын даваанаас хойшхи барилдааны хугацааг шүүн хамгийн удаан үргэлжилсэн болон хамгийн богино хугацаанд өрнөсөн барилдаануудыг сонирхуулъя.
ХАМГИЙН УДААН ҮРГЭЛЖИЛСЭН ТАВАН БАРИЛДААН
- Улсын начин Ч.Хөхчирэнгэр Улсын начин Ш.Дарханбат нарын гурвын давааны барилдаан 55:37 минут үргэлжилж, Ш.Дарханбат давжээ.
- Улсын аварга Н.Батсуурь болон Улсын заан цол хүртсэн М.Бадарч нарын наймын давааны барилдаан нийт 50:53 минут үргэлжилж, хамгийн удаан үргэлжилсэн барилдааны хоёрдугаарт бичигдэж байна.
- Дөрвийн даваанд Улсын начин Ш.Дарханбат Аймгийн арслан Б.Суманчулуун нар 47:49 минут барилдаж, Б.Суманчулуун давжээ.
- Улсын аварга С.Мөнхбат Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ нарын тавын давааны барилдаан 41:03 минут үргэлжилж, О.Мөнх-Эрдэнэ давжээ.
- Улсын начин Э.Энхбат Аймгийн арслан Н.Мустафа нар тавын даваанд 39:13 минут барилдаж, Н.Мустафа давсан.
ХАМГИЙН ХУРДАН ӨНГӨРСӨН ТАВАН БАРИЛДААН
- Улсын харцага Ө.Даваабаатар Аймгийн арслан Д.Хүдэрбулга нар гурвын даваанд 14 секунд барилдаж, Д.Хүдэрбулга давсан.
- Тавын даваанд Улсын начин Т.Дүгэрдорж 21 секундэд Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулав.
- Гурвын даваанд Улсын харцага Д.Батболд Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар барилдаж, Ш.Пүрэвгарьд 44 секундэд Д.Батболд өвдөг шороодов.
- Улсын аварга Н.Батсуурь гурвын даваанд Аймгийн харцага П.Жавхлантөгсийг 51 секундэд өвдөг шороодуулжээ.
- Улсын гарьд М.Баяржавхлан гурвын даваанд Аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг 01:06 минутад унагасан байна.
Сонирхуулахад үзүүр, түрүүний барилдаан 18 минут 6 секунд үргэлжилсэн бөгөөд Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга болсон юм.
Эх сурвалж : gogo.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.