Шадар сайд Я.Содбаатар эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгав
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан цагдаа, онцгой байдлын байгууллага, Сангийн яамны төлөөлөгчид УНТЭ, УХТЭ болон Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн ажилтай өнөөдөр танилцлаа.
Манай улсад "COVID-19" цар тахлын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэнээр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар "COVID-19"-ийн батлагдсан 261 тохиолдол байгаагаас 207 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д 54 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Манай улс ДЭМБ аргачлалаар гурван удаагийн халдварын тооцоолол, нийт есөн удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Хамгийн сүүлд нийт хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32 мянга ,760 хүн халдвараар өвчилнө гэдэг тооцооллыг гарган, энэхүү тооцооллын үндсэн дээр эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж, хүний нөөц, тусгаарлах байр болон эм хангамж, эмчилгээ үйлчилгээний нөөц, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Шадар сайдад танилцууллаа.
Хүн амын нэг хувь халдвараар өвчилсөн тохиолдолд хэвтэн эмчлэх байр, эм хангамж, мөн эмч, эмнэлгийн ажилтны нөөцийн асуудал хамгийн чухал. Тиймээс Хан-Уул дүүрэг дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан. Хэдийгээр тус эмнэлгийн барилга бүрэн дууссан ч өвчтөн хүлээн авахад тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авах ажиллагаа явагдаж байгаа юм. Тус эмнэлэг бүрэн ашиглалтад орж өвчтөнийг нэг, нэгээр тусгаарлахад 880 ор бэлэн нөөцөнд байгаа гэсэн үг юм.
Улсын хэмжээнд бүх эмнэлэг "COVID-91"-ийн эмчилгээ, үйлчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, ердийн үеийн хоёр сарын нөөцтэй байна. УНТЭ-ийн тухайд нэг сарын хэрэглээний 500 гаруй нэр төрлийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл нөөцөнд бэлэн байгааг танилцууллаа. Нөхцөл байдал хүндэрч хүн амын дунд тархлаа гэхэд эхний ээлжинд 880 ортой ЭХЭМТ ашиглах, мөн Улсын эмнэлгүүдэд ор дэлгэн ашиглахаар шийдээд байна. Цаашлаад хувийн эмнэлгүүдийг ашиглах боломжтой гэлээ.
УХТЭ ердийн үед 280 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 16 иргэнийг тусгаарласан байна. Өрөө бүр хүчилтөрөгчийн аппараттай, олон улсын стандартд нийцсэн төдийгүй нэн шаардлагатай тохиолдолд халдвартай өвчтөнийг авахад 2-6 цагийн хугацаанд эмнэлгийг бүрэн бэлтгэх боломжтой юм.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, "Хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 10 дугаар сар байх болно. Учир нь улирлын давтамжтай томуугийн үе. Тиймээс "COVID-19"-тэй зэрэгцэн томуугаас урьдчилан сэргийлж онцгой анхаарах, эрсдэлт бүлгийг вакцинд хамруулах шаардлага байгааг танилцууллаа. Түүнчлэн урьдчилан 200 гаруй мянган томуугийн вакцин урьдчилан захиалсан байна. Гэвч томуугийн 500 мянган тун вакцин авах шаардлага байгааг онцолж байлаа.
Монгол Улсын Шадар сайд Ч.Содбаатар, "Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг нэгт тавьж байна. Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа бөгөөд зургаадугаар сард хийсэн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй орны тоонд бий. Наймдугаар сарын эхээр 10 дахь үнэлгээг хийж, цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна" гэлээ.
Мөн тэрбээр хууль эрх зүйн зохицуулалт болон төсөв хөрөнгө оруулалттай холбоотой тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт зэрэгтэй холбоотой саналыг УИХ-ын ээлжит бус чуулган, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр төлөвлөж буйгаа хэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.