Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүнээр сонгогдлоо
IOC буюу Олон улсын олимпийн хорооны 136 дахь чуулга уулзалт өнгөрсөн баасан гарагт цахим хэлбэрээр зохион байгуулагдав. Энэ удаагийн чуулга уулзалтаар Олон улсын олимпийн хороо шинээр таван гишүүнийг баталснаар нийт 104 гишүүнтэй болж хүрээгээ тэлсэн юм. Тэдгээр таван гишүүний нэг нь МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Баттүшиг байлаа.
1977 онд Монгол Улсаас Ш.Магван тус хорооны гишүүн болсноос хойш тэрбээр хоёр дахь тохиолдол болж байна.
Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүнээр сонгогдсоноор:
- Тус хорооноос ямар нэгэн цалин авахгүй. Учир нь ОУОХ-ны ерөнхийлөгч болон гишүүд нь сайн дурын ажилчид гэж тооцогддог. Гэвч олимпийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хөгжүүлэх үүрэгтэй явж байвал аялалын зардал, байр хоолны мөнгө болон бусад зардлыг нь хорооноос нь даана.
- Өөрийн эх орондоо ОУОХ-ны үйл ажиллагааг явуулахад шаардлагатай оффис болон оффисын тоног төхөөрөмж худалдан авахад зориулагдсан “Засаг захиргааны дэмжлэг” гэх 7 мянган ам.долларыг жил бүр хүртэнэ.
- ОУОХ-ны гишүүд олимпийн наадам болон хорооноос зарласан чуулга уулзалт, хурал цуглаан зохион байгуулагдах үеэр өдрийн 450 ам.долларын тэтгэмж авна. Харин тус хорооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд өдрийн 900 ам.долларын тэтгэмж авдаг.
- Олимпийн наадмыг аль улсад, хэдэн онд зохион байгуулах санал хураалтанд оролцно. Үүнээс гадна ОУОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн, гишүүн сонгох санал хураалтанд оролцоно.
- Олимпийн наадмын дүрмийг өөрчлөх эсвэл дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудад оролцоно.
- Олимпийн наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй чөлөөтэй оролцно. Мөн зохион байгуулагдсан олимпийн наадамд үнэлгээ өгнө.
- Үндсэн үүрэгт нь олимпизмийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, олимпизмийн хөдөлгөөнийг идэвхийлэн манлайлах, залуу үед олимпизмийн үзэл санааг ухуулах, тамирчдыг сэргээшээс хамгаалж, талбайн гадна болон дотор дэмжих зэрэг багтдаг.
Б.Баттүшигээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Олимпийн аварга Себастьян Коэ, Хорватын Ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа Элчин сайд, гүнж Рима Бинт Бандар Аль-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Олимпийн аварга Мария де ла Каридад Колон Руэнес нар сонгогдсон юм.
ОУОХ нь 2020 онд хүйсийн эрх тэгш байдлыг хянах төсөл боловсруулж шийдвэр гаргах түвшнийхээ нийт суудлын 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх зорилго тавьсан юм. Тэгвэл ОУОХ-ноос саяхан гаргасан мэдэгдэлд шийдвэр гаргах түвшний нийт суудлын 47.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.