Чехийн Засгийн газар Хятадад туслахаас татгалзжээ
Коронавирусийн халдварын улмаас хүнд байдалд ороод байгаа Хятад улс Чех улсад хандан, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүсжээ.
Өнгөрсөн Баасан гарагт тус хүсэлтийг Чех дэх БНХАУ-ын Элчин сайд албан ёсоор дамжуулсан байна. Тусламжийн хүрээнд амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил, бээлий нийлүүлэхийг хүсэлт тавьсан гэнэ.
Энэ хүсэлтийг Чехийн Засгийн газар Бямба гарагт болсон хуралдаанаар авч хэлэлцэн, татгалзсан хариу өгчээ.
Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш “Манай улсын нөөцөд Хятадад хүмүүнлэгийн тусламжаар илгээх илүү зүйл алга. Бид байгаа нөөц хэрэглэл, хамгаалалтын хувцас, маскаа иргэддээ яаж хүргэх вэ гэж өөрсдөө санаа зовж байна” гэж мэдэгдсэн байна. Тус улсад коронавирусийн халдвар илрээгүй байгаа билээ.
Хятадын Засгийн газраас мөн ижил хүсэлтийг Европын холбоонд гаргасныг Европын холбоо хэлэлцээд эхний ээлжид 12 тонн хамгаалалт, ариутгалын хэрэгсэл илгээсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.