АНУ-ын Хууль зүйн яам БНХАУ-ын 2 иргэнийг киберт халдлагад буруутгалаа
АНУ-ын хууль зүйн яам БНХАУ-ын 2 иргэнийг тусгай албаныхантай хамтран Америкийн олон арван компанийн компьютерт халдсан хэмээн буруутгалаа. Америкийн Ерөнхий прокурорын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Демер энэ тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Тэрээр Хятадын иргэн Ли Сяоюи, Дун Цзячжи нар Америкийн компаниуд, судалгааны төвүүд, цэрэг аж үйлдвэрийн корпорацуудаас олон зуун сая доллараар үнэлэгдэх худалдааны нууц мэдээллийг хулгайлсан хэмээн буруутгаж байгааг мэдэгдсэн юм. Мөн тэднийг шинэ коронавирустэй тэмцэх судалгаагаар дагнасан фирмүүдэд кибер халдлага үйлдэхийг завдсан хэмээн буруутгасныг яллах дүгнэлтэд бичсэнийг танилцуулсан байна. Демерийн мэдээлснээр Хятадын иргэд 10 гаруй жил дэлхийн олон улс оронд кибер халдлага үйлдсэн гэж үзэж байгаа юм байна. Бас тэд ашиг хонжоо олохоор бие даан ажиллаж байсан ч төр засагтаа туслахад бэлэн байсан хэмээн хардаж байгаа юм байна. Түүнчлэн Демер Хятадын эрх баригчдыг кибер гэмт хэрэгтнүүдийг нуун дарагдуулж байна хэмээн буруутгаж байгааг ч илэрхийлсэн байна.
Энэ хооронд АНУ Хятадын аюул заналхийллийн эсрэг глобал эвсэл байгуулахаар төлөвлөж байгааг Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ. Тэрбээр Их Британийн гадаад хэргийн сайд Доминик Раабтай хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэнийг нь олон улсын хэвлэлүүд онцлон дамжуулж байна. Майк Помпео Америкийн эрх баригчид Хятадад анхааруулга сануулга өгч ойлгуулах эвсэл байгуулж чадна гэдэгт найдаж байгааг мэдэгдсэн. Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-ыг коронавирусний халдвар дэгдсэнийг нуун дарагдуулж, улмаар цар тахлыг өөрийн зорилгодоо ашигласан хэмээн буруутгасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.