Сибирийн дулаарал дэлхийг түгшээнэ

Сибирийн дулаарал дэлхийг түгшээнэ

Оросын Сибирьт дэгдсэн ойн их түймэр дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд орж, ноцтой асуудал болон хувирчээ. Испанийн “La Vanguardia” сонинд бичсэнээр, Сибирийн бүс нутагт удаан хугацаагаар хэт халж байгаа нь ойн түймэр дэгдээснээс гадна мөнх цэвдгийг хайлуулсаар байна. Энэ нь Орос улс төдийгүй дэлхий дахинд маш ноцтой уршиг тарих болно. Тэр тусмаа хойд хэсгээрээ Сибирийн их тайгын төгсгөл болж, өмнөд хэсгээрээ Төв Азийн хээр цөлийн эхлэл болж байдаг Монгол орны ойн сан, байгаль цаг уурт нөлөөлөхгүй гэх аргагүй. Үүнээс үүдэн Сибирийн дулаарлын талаар “La Vanguardia” болон Францын “Le Monde” сонины нийтлэлчид сэтгэл түгшин бичсэнийг тоймлон хүргэж байна. 

Якутын хойд нутагт орших Верхоянск хотод өнгөрсөн 6 дугаар сарын 20-ны өдөр +38°C хүрч халсан тухай мэдээ дэлхийн томоохон сонинуудын тэргүүн нүүрт нийтлэгдсэнийг хүмүүс төдийлөн анзаарсангүй. 1933 оны өвөл -68°C  хүртэл хүйтэрч, “рекорд амжилт” тогтоож байсан энэ хотод ингэтлээ хүчтэй хална гэдэг бол ой тойнд оромгүй үзэгдэл юм. Тэр тусмаа энэ их халалтаас хойш агаарын хэм +30-аас буухгүй байгаа нь үнэхээрийн “гаж үзэгдэл” мөн. Хотын статустай боловч ердөө 1000 гаруйхан хүнтэй энэ тосгоны оршин суугчдад “экологийн сүйрэлд хамгийн түрүүнд бид өртөх нь” гэсэн таагүй бодол төрсөн буй заа. 

“Яма голд шумбаж буй хүүхдүүд тун баяртай байгаа. Гэхдээ энэ бол хэвийн бус, аюултай үзэгдэл гэдгийг оршин суугчид мэдэрч байна” хэмээн Верхоянск хотын дарга Е.Потапов ярилаа. Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон нутгийн иргэд болох цаа бугачид, уурхайчдын хувьд амьдрал ахуйд нь төдийлөн их өөрчлөлт гараагүй бол хэт халалтын улмаас өвс ургамлын гарц муудсан нь мал сүрэг хорогдох эрсдэл нүүрлэж байна. 

Хэт халалтын “рекорд амжилт” эвдэгдсэний сацуу эрт дулаарч байгаа нь түгшүүр төрүүлж байна. Сибирьт 4 дүгээр сард гэхэд +30°C-ээс давж халах болж, 1930 онд цаг уурын ажиглалт явуулж эхэлснээс хойших хугацаан дахь хамгийн дулаахан өвөл /2019-2020/ болж өнгөрлөө. 1-6 дугаар сарын хугацаанд Сибирьт агаарын дундаж хэм 5 градусаар дээшилж, зарим районд бүр 10 градусаар нэмэгдсэн байна. Хэт дулаарал 6 сараас дээш хугацаагаар үргэлжилж байгаа нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлсээр. Их Британийн Цаг уурын алба компьютерийн загварчлал ашиглан хийсэн судалгааны дүнг үзвэл “хүний нөлөө байгаагүй бол агаарын хэм одооных шиг огцом өсөх магадлал 80 мянган жилд ганцхан удаа тохиох байжээ”.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Орос улс дахь салбарын “Уур амьсгал ба эрчим хүч” төслийн удирдагч А.Кокорин ярихдаа “Арктикийн дулаарлын улмаас хойноос урагш, урдаас хойш чиглэсэн агаарын урсгалын солилцоо явагддаг. Өмнө зүгээс ирж буй агаарын урсгал Якутад нэвтэрснээр одоо Сибирьт явагдаж буй цаг уурын үзэгдлүүд бий болсон. Өмнө нь ийм үзэгдэл болж байсан, гэхдээ одоо илүү хүчтэй, ойр ойрхон давтамжтай болоод байна” гэж тайлбарлалаа

Дэлхийн бусад бүс нутагтай харьцуулахад уур амьсгалын дулаарал Арктикт 2 дахин хурдан явагдаж байгаа юм. Учир нь, агаарын хэм эрс өссөнөөр цас мөс хайлж, гэрлийг ойлгодог цагаан өнгөтэй гадаргуу нь бараандуу өнгөтэй далай тэнгис, өвс ургамлаар хучигдсанаар нарны гэрлийг илүү ихээр шингээх болжээ. Үүний улмаас Оросын Сибирь, Арктикийн бүс нутгууд байгаль цаг уурын гамшигт үзэгдлүүдэд нэрвэгдсээр. Дээр дурдсанчлан ойн түймэр дэгдэж, үер болсоор. Урьд нь сибирийнхэн эдгээр гамшгийн талаар ямар ч ойлголтгүй байсан бол өдгөө тэдний нутагт зун цагийн ердийн өнгө төрх болжээ. 

Түүнээс гадна, Норильск хотод энэ оны 5 дугаар сард түлш хадгалах сав нуран унаж, гол руу нефть асгарсны улмаас экологийн сүйрэл болсон. Никель ба палладий олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Норникель” компанийн эзэмшдэг ордоос 20 мянга гаруй тонн түлш асгарсан нь мөнх цэвдэг хайлсны улмаас түлш хадгалах савны тулгуурууд хугарсантай холбоотой байж магадгүй хэмээн албаныхан таамаглаж байна.

Орос улсын эдийн засаг Арктикийн бүс нутаг дахь ашигт малтмал, ялангуяа нефть, хийнээс ихээхэн хамаардаг. Америкийн “Морган Стэнли” санхүүгийн нэгдлийн тайланд дурдсанаар, Орост олборлож буй нийт хий ба алмаазны 90 орчим хувь, палладий гэдэг үнэт металлын нөөцийн 30 хувь, нефть-хий олборлох дэд бүтцийн 80 хувь нь мөнх цэвдэгтэй бүс нутагт байдаг ажээ. Оросын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг эзэлдэг мөнх цэвдэгтэй газар орны уур амьсгал өөрчлөгдөх нь хөрсийг тогтворгүй болгож, үйлдвэрлэлийн ба нийтийн аж ахуйн дэд бүтцэд ноцтой хохирол учруулна. Сибирийн хойд хэсэгт хүн ам сийрэг оршин суудаг боловч тэнд Оросын “Газпром”, “НОВАТЭК”, “АЛРОСА” зэрэг том компаниуд олборлолт явуулдаг учраас ирээдүйд эдгээр компани хохирол амсах эрсдэл өндөр.  Мөн хатуу хөрстэй Якутск хотын байшингуудын ихэнх нь тулгуур дээр тогтдог учраас хэт халалтын улмаас хөрс зөөлрөх үед нурах аюул бий боллоо. Хуучны модон байшингууд аль хэдийнэ нураад эхэлжээ.

Нөгөөтэйгүүр, мөнх цэвдэг хайлж байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй тэмцэлд бас нэгэн саад тотгорыг бий болголоо. Багцаагаар 1 км-ийн гүнтэй мөнх цэвдгийн зөвхөн өнгөн хэсэг нь хайлж байгаа хэдий ч агаар мандалд нүүрсхүчлийн хий, метан хий, хүлэмжийн хий үлэмж хэмжээгээр цацагдаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг улам хурдасгаж байна хэмээн Greenpeace байгууллагын уур амьсгалын төслийн удирдагч В.Яблоков ярилаа.

Байгалийн гамшгийн тухайд, өнгөрсөн 2019 он Оросын хувьд маш их түгшүүртэй жил байлаа. Зөвхөн 8 дугаар сард гэхэд 4 сая га ой шатжээ. Цас их хэмжээгээр хайлснаас болж зуны улиралд өвс ургамал хатаж, улмаар түймэр дэгдэж, сүүлийн 10 жилийн хугацаанд түймэрт нэрвэгдсэн талбайн хэмжээ 2 дахин нэмэгджээ. Түүнээс гадна, хэт ховдог төөлүүр хорхой олширч, нарсны шилмүүсийг асар ихээр түүж идсэнээр ойн санг сүйтгэж байна. 

Түймрийн цар хүрээ хойд зүгт улам тэлсээр Якутийн “Кыталык" дархан цаазат газарт хүрснийг А.Кокорин дурдсан бол хиймэл дагуулаас авсан зурагт үндэслэн Дэлхийн Цаг уурын байгууллагын төлөөлөгчдийн баталж байгаагаар, түймрийн голомт Хойд Мөсөн далайгаас ердөө 8-хан км-ийн зайд иржээ.  

2020 онд ч гэсэн нөхцөл байдал сайнгүй хэвээр. Он гарснаас хойш 3,7 сая га газар түймэрт нэрвэгдэж, үүний улмаас зөвхөн 6 дугаар сард гэхэд агаар мандалд 59 сая тн нүүрсхүчлийн хий цацагдсан нь Португал улсын бүтэн жилд ялгаруулж буй хорт хийн хаягдлаас давж байгаа юм.

Сибирийн өмнөд хэсэгт 2019 онд дэгдсэн ойн их түймэр энэ онд үерийн гамшиг байдлаар давтагдаж болзошгүйг судлаачид анхааруулж байна. Энэ бүх гамшигт үзэгдэл нь дэлхийн хөргүүр гэгддэг Хойд туйл, Арктикийн байгаль цаг уурын тэнцвэрийг улам алдагдуулсаар. 

Туйлын цас мөсөн бүрхүүл арилж, түймэр дэгдэж, мөнх цэвдэг хайлсаар байгаа нь зэрлэг амьтдын амьдрах орчинд маш сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Арктикийн мөс хавар болмогц маш түргэн хайлж байгаагийн улмаас цагаан баавгайнуудын ихэнх нь хуурай газарт гарч ирэхээс аргагүйд хүрдэг. Баавгайнууд хогийн цэг дээрээс хоол олж идэхийн тулд суурин газарт хүрч ирэн, хүмүүстэй шууд хөрш амьдрах болжээ. 2019 оны 2 дугаар сард Арктик дахь Баренцын тэнгис ба Карын тэнгисийн дунд орших Шинэ газрын “Белушья Губа” гэдэг тосгонд хэсэг цагаан баавгайнууд хэдэн сарын турш эргэлдэж, 2400 гаруй оршин суугчдыг айлган түгшээж байв.

 

Мөн түймэр дэгдсэн үед шувуудын амьдрах орчин хумигдах төдийгүй хоол тэжээл /загас/ нь ховордох учраас өөр газар руу нүүдэллэхээс аргагүйд хүрнэ. Түүнчлэн энэ онд гэхэд Колийн хойг дахь Цагаан тэнгисийн мөсөн бүрхүүл хайлсны улмаас туйлын цаа буганууд нутаг сэлгэх боломжгүй болжээ.  

Энэ бүх баримтаас дүгнэлт хийхэд, дэлхийн дулааралтай холбоотойгоор Хойд тэнгисийн мөс хайлж, хөлөг онгоцууд зорчих боломжтой болсон ч гэлээ үүний үр өгөөж нь мөнх цэвдэг хайлснаас үүдэлтэй эдийн засгийн алдагдлаас хамаагүй бага байх төлөвтэй. Ийм учраас алдагдлыг багасгаж, боломжийг ашиглах үүднээс Оросын Ерөнхийлөгч В.Путин “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Үндэсний төлөвлөгөө”-г хэлэлцүүлэн баталжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.