Төрийн нэг эмнэлгийг суллаж, коронавирусийн сэжигтэй тохиолдлыг хяналтад байлгана
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Монгол Улсыг шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд багтаагаад байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс шуурхай хуралдлаа.
Улсын онцгой комиссоос хилийн боомтуудад мэргэжлийн байгууллагууд гарч халдвар хамгааллын явцтай танилцах шийдвэр гаргасан ба тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил, амралтын горимыг зохицуулахын тулд шаардлагатай мэргэжилтнүүдийг нэмэлтээр илгээх болжээ. Түүнчлэн Төрийн нэг эмнэлгийг суллаж сэжигтэй тохиолдол болон гадаадаас ирж байгаа хүмүүсийг хяналтад байлгахаар болсон байна. Тодруулбал, Төрийн албан хаагчдын эмнэлэг болон Цэргийн төв эмнэлгийн аль нэгийг суллах юм байна.
Мөн коронавирусийн идэвхжилийн оргил үе буурахгүй тохиолдолд гуравдугаар сарын 2 хүртэл хорио цээрийн дэглэмийг сунгаж болзошгүй тухай мэдээллээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ талаар мэдээлэл хийв.
Тэрбээр "Нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусын халдвар олон улсын хэмжээнд хоног хоногоор өсч байгаа. Халдвар авсан хүний тоо хоногт 1000-аар, нас барж буй хүний тоо 60 орчмоор нэмэгдэж байна. Мөн БНХАУ-д шувууны томуугийн өвчин илэрсэн. Тиймээс Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанас тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа. Мөн иргэд нэвтэрч буй дөрвөн хилийн боомт дээр Улсын онцгой комиссын ажлын хэсгүүд ажиллахаар боллоо.
Маргааш Улсын онцгой комисс дахиж хуралдана. Ингэхдээ салбар дундын төлөвлөгөөг баталж, хэрхэн ажиллахаа тодорхой болгоно. Үүнд санхүүжилт шаардлагатай. Эрүүл мэндийн салбараас ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн санал орж ирсэн. Энэ асуудлыг маргааш ярина. Эмнэлэг бүр онцгой нөхцөл байдалд ажиллахаас илүү нэг эмнэлгээ дагнаж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн яам энэ талаар судалж, аль эмнэлгийг бие даан ажиллуулахаа шийднэ. Үүний дараа асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэнэ" гэлээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 24539 болсон бол нийт 492 өвчтөн нас барж, 911 өвчтөн бүрэн эдгээд байна. Одоогийн байдлаар, 3129 өвчтөний биеийн байдал хүнд, нэг хоногийн дотор 3800 шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн 23.2 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 185.5 мянган нэгдүгээр зэргийн хавьталтай хүн эмнэлгийн хяналтад байна. Шинэ төрлийн коронавирус 27 улсад нийт 213 тохиолдол бүртгэгджээ.
Мөн Тайваньд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн тул тухайн иргэнийг тусгаарлаж, тандалт, шинжилгээ хийж байгаа талаар ЭМЯ-наас шуурхай мэдээлэл хүргээд байна.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.