Хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг СУЛЛАХААР боллоо

Хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг СУЛЛАХААР боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг.

Энэ хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.  

Хэрэг шүүхэд шилжсэнээс хойшхи жил гаруйн хугацаанд хурал найман удаа хойшилсны эцэст 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Шүүх хурлын үеэр шүүгдэгч Б.Махбал өөрийгөө хохирогч хэмээн мэдүүлсэн бөгөөд хэргийг дахин нягталж шалгах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж байв.

Өнгөрсөн хугацаанд шүүгдэгч Б.Махбал нь шүүгчийн захирамжаар ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа ба түүнийг энэ сарын 9-ний өдөр хорих ангиас суллахаар болжээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй гэж заажээ.

Шүүгдэгч Б.Махбал нь 18 сарын турш хоригдсон тул ийн хуулийн дагуу суллах нөхцөл үүсжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.