Орхон аймагт тусгаарлагдсан эрэгтэй УХАНЬ ХОТООС иржээ

Орхон аймагт тусгаарлагдсан эрэгтэй УХАНЬ ХОТООС иржээ

Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй тохиолдол өнөөдөр /2020.02.05/ Орхон аймагт бүртгэгдлээ.

Тухайн иргэнийг аймгийн эмнэлэгт тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байна.

Иймд аймгийн Онцгой комисс 17:00 цагаас шуурхай хурал зарлан хуралдлаа.

Энэ талаар Орхон аймгийн ЗДТГ-аас дараах мэдээллийг өглөө.

Өнөөдөр Орхон аймгийн "Мэндцэцэн" өрхийн эрүүл мэндийн төвд 13:40 цагийн орчимд иргэн У "Халуураад байна" гэсэн шалтгаанаар ханджээ. Үзлэгийн явцад 36 хэмийн халуунтай буюу хэвийн байсан байна. Эмчтэй ярилцах явцад иргэн У нь БНХАУ-ын Ухань хотод тээвэрлэлт хийсэн тухайгаа хэлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ухань хотод 10-аас дээш хоног ажиллаж, амьдарч байсан бол сэжигтэй гэж үзэн, тусгаарлана гэсэн зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудад мэдээлсэн байна. Үүн дагуу аймгийн Онцгой комисс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг эрчимжүүллээ.

Иргэн У ямар нэгэн зовиургүй байгаа бөгөөд шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д илгээжээ.

Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. У нь Булган аймгийн харьяат, 25 настай эрэгтэй юм.

Тэрбээр Замын-Үүдийн боомтоор нэгдүгээр сарын 31-нд нэвтэрч, Орхон аймагт энэ сарын 4-нд иржээ. Одоо Эрүүл мэндийн байгууллагууд асуумж асууж, холбогдох мэдээллийг цуглуулж байна. 

Энэ талаар аймгийн Засаг дарга Д.Батлут “Булган аймгийн харьяат 25 настай иргэн өчигдөр /2020.02.05/ Эрдэнэт хотод ирсэн. Одоогоор өвчтөний биеийн байдал өндөр халуунгүй, бусад шинж тэмдэг илрээгүй хэвийн байна. Сэжигтэй тохиолдол эсэх нь нотлогдоогүй. Уг иргэн нь БНХАУ-ын Ухань хот руу тээвэр хийсэн гэж эхний асуумжаар хариулсан тул ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тусгаарлаад байна. Иймд иргэд та бүхнийг тайван байхыг уриалж байна” гэлээ.

Харин Эрүүл мэндийн яамнаас "Орхон аймагт тусгаарлагдсан иргэн өөрөө өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, БНХАУ-ын Ухань хотоос нэгдүгээр сарын 27-нд ирсэн гэж хэлсэн. Гэхдээ энэ хүн нэгдүгээр сарын 27-нд Ухань хотоос ирэх боломж байхгүй. Яагаад гэхээр нэгдүгээр сарын 23-ны өдөр Ухань хот хөл хорио тогтоосон. Иймд энэ хүний мэдээлэл, тандалт судалгааг нарийвчлан хийж байна. Тэгэхээр сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй. Гэхдээ ер нь сэжигтэй тохиолдол бүртгэгдэх эрсдэл өндөр байгаа. Учир нь, өдөрт 300 гаруй хүн БНХАУ-гаас ирж байна. Өнгөрсөн хугацаанд 6000 гаруй хүн зорчиж ирсэн. Тиймээс зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл бий. Тогтмол тандалт явуулж байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.