АНУ-ын Ерөнхийлөгчийн эдлэнд нэвтэрсэн 3 хүүхдийг саатуулжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Флорида мужид байдаг Мар-а-Лаго эдлэнгийн нутаг дэвсгэрт өсвөр насны гурван хүүхэд нэвтрэх гэж байгаад саатуулагдсан тухай хэвлэлүүдэд мэдээлж байна. Палм-Бичийн цагдаагийн албан ёсны төлөөлөгч Майкл Огродникийн мэдэгдсэнээр 15 насны гурван хүү цагдаа нараас машинтай зугтаж байгаад машинаасаа бууж, ойролцоох эдлэнгийн хашааг давах гэж оролдсон байна. Тэд эдлэнгийн барилга руу нэвтрэх зорилготой байгаагүй, зөвхөн нуугдахын тулд хашаа давсан, хэний эзэмшилд ирснээ мэдээгүй гэж цагдаагийн төлөөлөгч тэмдэглэжээ.
Хөвгүүдээс калашниковын автомат буу илэрсэн, тэд үүнийг санаандгүйгээр олсон гэдгээ хүлээсэн гэнэ. Ерөнхийлөгчийнхөө эдлэн рүү нэвтрэх гэж оролдсон өсвөр насны хөвгүүдийг галт зэвсэг хууль бусаар биедээ авч явсан, галт зэвсэг ашиглан юм эвдэж сүйтгэсэн, саатуулах үед эсэргүүцэл үзүүлсэн зэрэгт буруутгаж, насанд хүрээгүйчүүдийн тусгаарлах газарт саатуулсан байна. Палм-Бичийн прокурорын газраас тэднийг насанд хүрсэн хүмүүсийн ангиллаар шийтгэх эсэхээ шийдвэрлэнэ.
Өнгөрсөн намар мөн нэгэн хятад эмэгтэй Дональд Трампын эдлэнд нэвтрээд найман сарын ял авсан юм. Дөрвөн гар утас, аюултай үйлдлийн систем бүхий флэш диск зэргийг биедээ авч явсан энэ эмэгтэй хамгаалагчдад Мар-а-Лаго хаалттай клубын гишүүн гэдгээ итгүүлж нэвтэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.