Бейрутад эмх замбараагүй байдал газар авав
Ливаны нийслэл Бейрут хотод иргэд Засгийн газрынхаа эсрэг жагсаж, цагдаа нартай мөргөлдөн эмх замбараагүй байдал үүсэх үеэр 230 гаруй хүн гэмтэж бэртжээ. Аюулгүй байдлын хүчнийхэн парламентын байрны ойролцоо жагсаалыг тараахаар гал нээсэн байна. Жагсагчид эрх баригчдаа авлигад идэгдсэн гэж эсэргүүцэж, Засгийн газрыг огцрохыг шаардан, наймдугаар сарын 4-нд Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлтэд түшмэд буруутай гэжээ. Жагсагчдыг хөөхөөр нулимс асгаруулагч хий ашиглажээ. Хариуд нь жагсагчид цагдаа нар руу чулуу шидэж эхэлсэн байна.
Бейрутын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсаал эмх замбараагүй байдал болж хувирчээ. Парламентын байр руу нэмэлт хүч илгээхэд хүрсэн бөгөөд мөргөлдөөн болсон газар Ливаны Улаан загалмайн машин, түргэн тусламжийн болон цагдаагийн машин ажиллаж байгаа гэнэ.
Ливаны Улаан загалмайн нийгэмлэгийнхнээс мөргөлдөөний явцад 110 хүн шархадсан байна. Шархадсан жагсагчдыг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. 130 гаруй хүнд газар дээр нь тусламж үзүүлсэн байна. Хэсэг жагсагч төв талбайд хашлага тавьжээ. Жагсагчид мөн Гадаад харилцааны яамны байр руу нэвтэрч, тэдний араас цэргийн алба хаагчид орсноор эмх замбараагүй байдал гүнзгийрсэн байна.
Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ливаны аюулгүй байдлын хүчин жагсагчдыг хөөхөөр гал нээсэн гэж мэдээлжээ. Харин Ливаны парламентын хамгаалалтынхан уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Тэд “Бидний даалгавар бол парламентын байрыг хамгаалах” гэжээ. Аюулгүй байдлын албаны нэг ажилтан бямба гарагт буудалцааны үеэр амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Өөр хэдэн хүн шархаджээ.
СОНГУУЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЯВУУЛАХ УУ
Ливаны Ерөнхий сайд Хасан Диаб парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахыг уриалжээ. Тэрбээр жагсагчдад хандахдаа “Сонгууль нь хямралаас гарах гарц болно” гэжээ. Хасан Диаб “Би Сайд нарын тэнхимийн дараагийн хуралдаанд парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах талаар санал оруулна. Мөн улс төрийн талуудыг зөвшилцөлд хүрэхийг уриалах болно” гэжээ. Түүнчлэн хотын боомтод болсон дэлбэрэлтийн мөрдөн байцаалт удахгүй дуусна гэсэн бөгөөд болсон явдлын шалтгааныг бүрэн тогтоож, бүх буруутанг олохоо амласан байна.
Жагсагчид өчигдөр Засгийн газрын байр руу дайрахаас гадна Байгаль орчны яамны байр руу нэвтрэхээр оролдсон талаар “Аль-Хадас” суваг мэдээлжээ. Ливаны Банкуудын холбооны байр ч тэдний халдлагад өртсөн байна. Ливаны Ерөнхий сайд Хасан Диаб Бейрутын боомтод болсон дэлбэрэлт нь тус улсад хээл хахууль цэцэглэснээс болсон гэж “AL Mayadeen” сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Ливаны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр “Le Grey” зочид буудал руу жагсагчид халдах үеэр аюулгүй байдлын хүчний ажилтан амиа алджээ. Жагсагчид энэ сарын 4-нд тус хотын боомтын агуулахад болсон дэлбэрэлтийн дараа Засгийн газар юу ч хийхгүй байна гэж буруутгаж байгаа юм.
“ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОР”
Хотын төв талбайд майхан барьсан иргэд шаардлагыг нь биелүүлэхгүй бол гудамжинд хононо гэжээ. Тэд Ерөнхийлөгч Мишель Аун, Парламентын дарга Набих Берри, Ерөнхий сайд Хасан Диаб нарыг огцрохыг шаардаж байгаа аж. Жагсагчид “Ливаны ард иргэд хугацаанаас нь өмнө сонгууль явуулахыг шаардаж, хээл хахууль авагчдыг болон дэлбэрэлтэд буруутай хүмүүсийг шүүхийг шаардаж байна” гэсэн байна. Тэд нэвтэрч орсон төрийн байгууллагынхаа бичиг баримтыг шатааж байгаа талаар “Al Mayadeen” телевизийн суваг мэдээлжээ. Иймээс өчигдөр Эрчим хүчний яам болон Гадаад харилцааны яамыг армийнхан бүсэлж, жагсагчдыг барилгыг орхихыг шаардсан байна. Армийнхан Бейрутын төвд нэмэлт хүчээр нөхцөл байдлыг хяналтдаа авчээ.
Ливаны нийслэлд нөхцөл байдал өчигдөр оройны байдлаар хэвийн болсон ч эмх замбараагүй байдал Бейрутад өрнөж байгаа эрж хайх-аврах ажиллагаанд саад болжээ. Иймээс аврагч, эмч мэргэжилтнүүдийг Ливаны армийнхан хамгаалж байгаа аж. Ливан улсад эмгэнэлт явдал болсны дараа ОХУ, Франц, Ирак зэрэг улс эмч мэргэжилтнүүдээ Бейрут руу илгээсэн билээ.
ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХОХИРОЛ
Ливаны нийслэл Бейрут хотын боомтын агуулахад энэ сарын 4-нд дэлбэрэлт болж, ихээхэн гарз хохирол амсаад байгаа юм. Нас барсан хүний тоо 150 давж, 5000 хүн шархаджээ. 15 тэрбум ам.долларын хохирол учирсан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ливаны нийслэл хотын боомтын удирдлагуудыг болсон явдлыг хариуцах хүмүүсийн нэрсийг тодруулах хүртэл баривчилжээ. Боомтод тэсрэх бодисыг шүүхийн шийдвэрийн дагуу хадгалдаг гэж мэдэгдсэн ч зөрчил гаргагчдаас хураасан 2.7 мянга гаруй тонн аммонийн нитрат дэлбэрсэн явдал нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Тус улсын Ерөнхий сайд Хасан Диаб Бейрутын боомтын агуулахад зургаан жилийн хугацаанд 2750 тонн аммонийн нитратыг зохисгүй хадгалсан гэж хүлээн зөвшөөрчээ. Ливаны Батлан хамгаалах дээд зөвлөл Бейрутыг гамшгийн бүс гэж зарласан бөгөөд наймдугаар сарын 5-ны өдрийг дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон. Ливаны Дотоод хэргийн сайд Мухаммед Фахми буруутнуудыг олж тогтоож, боомтод яагаад дэлбэрэлт болсныг таван өдрийн дотор мөрдөн шалгаж дуусна гэж өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм.
Дэлбэрэлтийн улмаас учирсан хохирол 15 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд боомтын удирдлагууд хадгалж байсан бодисоо маш аюултай болохыг мэдээгүй байсан аж. Бейрутын боомтод аюулгүй байдал ноцтой зөрчигдсөнтэй холбоотойгоор дэлбэрэлт болсон гэж үзэж байна.
Дэлбэрэлт гагнуурын ажлын үеэр гал гарснаас болсон гэсэн дүгнэлт байгаа аж. Хөлөг онгоцноос хураасан аммонийн нитрат 2014 оноос хойш хадгалагдаж байсан тул аюулгүй байдлын хэм хэмжээг маш ноцтой зөрчсөн гэх үндэслэл байгаа юм. Уг хэрэг хяналтын байгууллагуудын хайхрамжгүй байдлаас болсон гэж үзэх үндэслэл ч бий.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.