Хятадын 5 компанийн бүтээгдэхүүн ашигладаг ААН-үүдтэй байгуулсан гэрээ цуцлах журам АНУ-д хэрэгжиж эхэллээ

Хятадын 5 компанийн бүтээгдэхүүн ашигладаг ААН-үүдтэй байгуулсан гэрээ цуцлах журам АНУ-д хэрэгжиж эхэллээ

АНУ-д Хятадын өндөр технологийн 5 үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн ашигладаг дотоод гадаадын компаниудтай засгийн газрын зүгээс бизнес хийхийг хориглосон шинэ журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэ журмыг мэдээллийн нууцыг хамгаалах тухай хуулинд тулгуурлан баталсан бөгөөд Хятадын холбоо харилцаа, өндөр технологийн 5 компанийг багтаасан байгаа юм.

Тодруулбал, Хятадын холбоо харилцааны тоног төхөөрөмж, үйлчилгээний Хуавэй болон Зи Ти И, Хайтера Коммуникэшн, Ханжоу Хиквишн Дижитал Техноложи, Дахуа Техноложи компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ ашигласан компаниуд Америкийн засгийн газрын байгууллагуудтай шинээр гэрээ  хэлцэл  хийх,  одоо байгаа гэрээгээ сунгах боломжгүй болж байгаа юм. АНУ-ын БХЯ-наас уг нь Конгресст хандаж энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан ч дэмжигдээгүй юм. Пентагон шинэ дүрэм журмаас болж төрийн захиалгын дэд  бүтэц нурж үндэсний батлан хамгаалах системд алдаа завхрал гарна гэж болгоомжлуулж байсан юм. Гэвч одоо аж ахуйн нэгж компаниуд Америкийн засгийн газар, Хятадын компаниудын аль  нэгийг нь л сонгох хэрэгтэй болж байна.

Энэ  тухай Японы Эн Эйч Кэй телесуваг онцлон мэдээлж байна. Энд тэмдэглэснээр Японы нийт 870 компани Америкийн засгийн газрын агентлагуудтай гэрээ байгуулж бизнес эрхэлдэг байна. Эдгээр гэрээнийх нь нийт өртөг жилийн 1,4 тэрбум ам.доллар болдгийг ч энд жишээ болгон мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.