АНУ-ын засаг захиргаа 125 сая амны хаалт сургуулиудад тараана

АНУ-ын засаг захиргаа 125 сая амны хаалт сургуулиудад тараана

Америкийн засаг захиргаанаас намар танхимын сургалтыг сэргээх гэж байгаатай холбоотойгоор тусгай зөвлөмжүүдийг гаргаад байна. Үүний зэрэгцээ улс орон даяар сургуулиудад амны хаалт хувиарлахаар шийдвэрлэснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр зарлалаа.

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч: Улс орон даяарх бүх шатны боловсролын байгууллагуудад нийт 125 сая амны хаалт хувиарлахаар болсныг зарлахдаа таатай байна. Мөн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас бүх сургуулиудад зориулсан нэгдсэн зөвлөмжийг өнөөдөр нийтэлж байна. Энд багш сурагчдыг төдийгүй эрсдэлтэй бүлэгт харьяалагддаг хүмүүсийг хэрхэн цар тахлаас хамгаалах тухай заалтуудыг багтаасан байгаа. Бид  улс орон даяарх сургууль, төрийн өмчит  бага дунд сургуулиуд бүхий тусгай тойргуудтай маш нягт холбоотой  ажиллаж  байна.

Ерөнхийлөгчийн засаг захиргааны зөвлөмжид эрсдэлтэй бүлэгт багтаж буй хүмүүс зай барих журмыг дагаж мөрдөх, ийм боломж нөхцөлгүй бол заавал амны хаалт зүүх, анги танхим, сургуулийн орчинд ариутгал, агааржуулалтыг сайтар хийх зэрэг багтсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд алсын зайн сургалтыг шүүмжлэгч нэгэн. Тэрээр намар хичээл сургуулийг заавал эхлүүлэх ёстой гэж үзэж байгаагаа өмнө нь нэг бус удаа илэрхийлж байсан. Энэ удаад ч "Ковид-19"-ийн халдварын болон нас баралтын тохиолдлуудад дүн шинжилгээ хийж байж танхимын сургалтыг эхлүүлэх болсноо мэдэгдсэн юм.

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч хүүхдүүд халдвар авах эрсдэл бага байгааг сануулсан юм. Үүний тулд тэрээр Нийт нас баралтын 99,95 хувь нь насанд хүрэгсэд байна гэсэн статистик мэдээлэл байгааг онцлон дурдаж байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.