Их Британийн эдийн засаг II улирлын дүнгээр 20,4 хувиар агшжээ

Их Британийн эдийн засаг II улирлын дүнгээр 20,4 хувиар агшжээ

Их Британийн эдийн засаг өнгөрсөн 4-өөс 6-р сарын хооронд өнгөрсөн 1-р улирлынхтай харьцуулахад 20,4 хувиар агшсан дүн гараад байна. Ийнхүү "Ковид-19"-ийн цар тахлын уршгаар тус улсын эдийн засаг 2 улирал дараалан  унасан дүн гарч байна.

Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2,2 хувиар буурсан байсан юм. Энэ нь 1979 оноос хойших 40 жилийн хугацаанд анх удаагаа хамгийн их  хэмжээгээр буурсан үзүүлэлт болж байсан юм. Мөн хамгийн сүүлд 2009 онд л тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2 улирал дараалан унасан үзүүлэлт бүртгэгдэж байсныг Үндэсний статистикийн товчооноос мэдээлж байна. Их Британи коронавирусний халдвар хүн амынх дунд ихээр тархсан Европын орнуудын нэг.   

Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээгээр нийт халдвар авсан хүний тоо 313 мянгад хүрсний 13 орчим хувь нь буюу 41 мянга 329  хүн нас бараад байгаа юм. Тус улсын эрх баригчид өнгөрсөн 6 р сард хорио цээрийн дэглэмээ үе шаттайгаар сулруулж эхэлсэн боловч халдварын тархалт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хөл хориог сулруулах дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаагаа хойшлуулахаар болсон юм. Өнөөдөр тус улсад 24 цагийн  дотор халдвар авсан хүний тоо 1000 орчмоор нэмэгдэж  байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.