Шинзо Абэ: “Япон улс дахин хэзээ ч дайнд оролцохгүй”
Япон улс дэлхийн II дайнд бууж өгсний 75 жилийн ойд зориулсан арга хэмжээ өнөөдөр Токио хотод болж, түүнд оролцсон Ерөнхий сайд Шинзо Абэ “Япон улс дахин хэзээ ч дайнд оролцохгүй” гэж мэдэгдлээ.
“Дайнд дахин хэзээ ч оролцохгүй гэсэн тангаргаа бид мөрдсөөр байх болно” гэж тэрбээр хэлсэн байна. Шинзо Абэ дэлхийн II дайнд амь үрэгдсэн япончуудын дурсгалыг хүндэтгэн үг хэлэхдээ, Япон улс үүссэн аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэгтэй цаашид хамтран ажиллах шийдвэр төгс байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Үүний дараа “Ниппон будокан” танхимд болсон ёслолын арга хэмжээнд оролцогчид нэг минут чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлсний дараа Японы эзэн хаан Нарухито үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, Японы ард түмэн цар тахал болон түүнтэй холбоотой хүндрэлүүдийг хамтдаа даван туулж чадна гээд “гүн харууслаа илэрхийлэхийн хамт дайнд оролцох явдал дахин хэзээ ч бүү давтагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч” байгаагаа илэрхийллээ.
Цар тахалтай холбоотойгоор энэ удаагийн ёслол маш цомхон болсон байна. Дашрамд дурдахад, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам анх удаагаа YouTube дэх өөрийн сувгаар ёслолын ажиллагааг шууд дамжуулан үзүүлжээ. Мөн уламжлал ёсоор Японы Олон нийтийн телевиз шууд нэвтрүүлэг явуулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.