Грек, Туркийн хооронд түгшүүртэй байдал бий болсонд Трамп, Макрон нар сэтгэл түгшиж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нар өчигдөр утсаар ярих үеэрээ, Газар Дундын тэнгисийн зүүн хэсэгт Грек, Туркийн хооронд түгшүүртэй байдал бий болсонд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Жадд Дир мэдээллээ.
“НАТО-гийн холбоотнууд болох Грек, Туркийн хооронд түгшүүртэй байдал бий болсонд хоёр ерөнхийлөгч сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсний сацуу хоёр тал яриа хэлэлцээ хийх нь зөрчил маргааныг шийдвэрлэх цорын ганц зам мөн гэдэг дээр санал нэг байна” хэмээн Ж.Дир твиттер хуудсандаа бичжээ.
Туркийн тал Эгийн тэнгисийн Грекийн эргийн орчимд хий ба газрын тосны хайгуул хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа хоёр орны харилцаа хурцадсан байна. Туркийн төрийн эзэмшлийн TPAO компани хий, газрын тосны хайгуулын лиценз авахаар өргөдөл өгсөн тухай Туркийн засгийн газрын мэдлийн сонинд дурдсантай холбогдуулан Грекийн Ерөнхий сайд 6 дугаар сарын 3-нд Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нарт илгээлт явуулжээ.
Грекийн телевизийн сувгуудын мэдээлснээр, эргээс 6 далайн бээрийн зайд орших Кастелоризо, Родос, Крит гэсэн гурван арлын дундах орон зайтай холбоотой асуудал үүссэн бололтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.