Халимагчууд “Далай ламыг урих нь бидний эрх” гэж мэдэгдлээ

Халимагчууд “Далай ламыг урих нь бидний эрх” гэж мэдэгдлээ

ОХУ-ын Буддын шашинтнууд Дээрхийн гэгээнтэн Далай ламыг эх орондоо урих хүсэлтийг ОХУ-ын ГХЯ-нд гаргажээ. ГХЯ-наас тэдэнд хариу өгсөн байна.

Хариу захидалд “2001 оны долоодугаар сарын 16-нд ОХУ, БНХАУ-ын байгуулсан гэрээ ёсоор хоёр улс нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэж заасан. Гэрээний дагуу бид нэг нэгэндээ улс орны нэгдмэл байдал, газар нутгийн бзрэн байдлын асуудалд харилцан туслалцана гэж заасан байгаа. Одоо Хятадын тал XIV Далай ламыг Хятад улсын бүрэн байдалд заналхийлж байгаа хүн гэж үзэж, шүүмжилдэг. Цаашдаа Далай лам Хятадын Засгийн газрын харилцаа сайжирсан тохиолдолд Далай ламыг ОХУ-д урих боломжтой болно гэж найдаж байна” гэж дурджээ.

Харин Халимагийн гол хийдийн тэргүүн Йонтен-гелюнг “ГХЯ-ны хариулт Халимагт маш их дургүйцэл төрүүллээ. Халимаг, ОХУ-ын бурханы шашинтнууд Далай ламыг урих Үндэсний хуулийн эрхээ эдэлж чадахгүй байна. Оросын ард түмний сонирхлоос Хятадын ашиг сонирхлыг илүүд тавьж байна” гэж эсэргүүцэл илэрхийлжээ.

Мөн Далай лам Халимагт 2004 онд ирсэн. Өөрөөр хэлбэл 2001 онд хоёр улсын гэрээ байгуулсан хойно айлчилсан. Энэ айлчлал Орос, Хятад хоёр орны харилцаанд ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй гэж хэлсэн байна.

Одоо ОХУ-д сая гаруй бурханы шашинтан бий. Тэд их хэмжээний хөрөнгө мөнгө заран, Далай ламын номыг Латви, Энэтхэг зэрэг гадаад орнуудад очиж сонсдог, бараалхдаг. Эх нутагт нь айлчлан ирвэл ядуу сүсэгтнүүд ч хамрагдах боломжтой болно гэж ярьжээ.

XIV Далай лам ЗХУ, ОХУ-д 1979, 1982, 1986, 1991, 1992, 1994, 1996, 2004 онуудад найман удаа айлчилж байсан. 1991, 1992 онд Тува, Буриад, Халимаг гэсэн Буддын удамжлалт шашинтай бүсүүдэд зочилж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.