Зимбабве Улсын Засгийн газар авлига, хүний эрхийг зөрчих явдлыг шүүмжилсэн католик шашны хамба лам нарын шүүмжлэлийг үгүйсгэж байна

Зимбабве Улсын Засгийн газар авлига, хүний эрхийг зөрчих явдлыг шүүмжилсэн католик шашны хамба лам нарын шүүмжлэлийг үгүйсгэж байна

Улс төрийн, эсхүл өөр ямар нэгэн хямрал байхгүй хэмээн Засгийн Газрын хэвлэлийн төлөөлөгч Ник Мангвана мэдэгдэв. Тэрээр Зимбабвегийн католик сүмийн хамба лам нарын хурлыг “хямрал өдөөгчид” хэмээн нэрлэсэн байна. Хамба лам нар тус улсын эдийн засаг, улс төрийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг уриалсан. “Тус улс дахь тэмцэлдээн, эдийн засгийн гүнзгий хямрал, ядуурал газар авч, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хүний эрх зөрчигдөж байна” хэмээн тус улсын томоохон хотуудын 7 хамба ламын илгээсэн захидалд дурдсан байна. Авлига аюулт түвшинд хүрээд байна хэмээн тэд онцолжээ.

Зимбабвегийн иргэд төрийн албаны авлига, 700 гаруй хувьд хүрээд буй инфляцийн түвшин, гүнзгийрсэн эдийн засгийн хямрал зэргийн эсрэг эсэргүүцэн жагсаж буй юм. Гэвч тус улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва өөрийн өрсөлдөгч нарыг гадныхантай нийлэн улсын тогтвортой байдлыг алдагдуулж байна хэмээн буруутгаж байна.

Засгийн газрыг шүүмжлэн жагсагчдын эсрэг хатуу арга хэмжээ авч, хэд хэдэн жагсагчийг баривчилсан зэргийг олон нийт эсэргүүцсэн. Олон нийтийг хүчирхийлэлд уриалсан хэргээр нэртэй сэтгүүлч Хопевел Чиноног өнгөрсөн сард баривчлаад байгаа юм. Тэрээр коронавируст халдвартай тэмцэхэд зориулсан худалдан авалтын явц дахь эрүүл мэндийн салбарын авлигын асуудлыг илчлэн нийтлэл бичсэн.

Жагсагчдын эсрэг цагдаагийнхан дайрч буй зургуудыг интернетэд нийтэлсэн ба хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг олон нийт эсэргүүцэн “ZimbabweanLivesMatter” хэштэг ашиглан олон нийтийн сүлжээгээр түгээж байна.

“Олон хүн айдаст автаж байна. Өөр үзэл бодлыг даран нугалах явдал урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд байна” хэмээн тус улсын католик шашины хамба лам нарын захидалд онцолжээ. Зимбабве Улсад хүнийг эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа нөхцөл байдлын талаар гадаад улсын засгийн газрууд, Европын холбоо, Африкийн холбоо, НҮБ зэрэг байгууллагууд хүлээн зөвшөөрч байгаагаас гадна “ZimbabweanLivesMatter” хэштэгт нэгдэх шаардлагатайг онцолж байна.

Төрийн мэдлийн “Херальд” сонин Мангванагийн Засгийн газрыг хамгаалж байна. Дэлхийн бусад улс оронтой нэгэн адил Зимбабве Улс нь ган гачиг, цар тахал, хууль бус үйл ажиллагаатай тэмцэж байна хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Өндөр албан тушаалтнуудыг баривчлах, авлигатай тэмцэх байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зэргээр Ерөнхийлөгч авлигатай тэмцэх амлалт үүргээ биелүүлж байгаа хэмээн тэрээр мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: Авлигатай Тэмцэх газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.