Америкийн сонгуулийн өмнөх өдөр Дэлхийд жижиг солир ойртож ирнэ
2-4 м-ийн голчтой жижиг солир 11 дүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг өдрийн өмнө Дэлхийд ойртож ирэх бөгөөд манай гарагтай мөргөлдөх магадлал нь 0,5 хувьд хүрэхгүй ажээ. Энэ тухай НАСА бямба гарагт мэдээллээ.
2018VP1 гэсэн тэмдэглэгээтэй уг сансрын биет Дэлхийд 420 мянган км-ийн зайд ойртож ирэх бөгөөд манай гарагтай мөргөлдөх магадлал нь 0,41 хувь ажээ.
Уг солирыг Калифорни муж улс дахь Паломарын одон орон судлалын төвийн эрдэмтэд 2018 онд илрүүлсэн байна. 2018VP1 солир 2 жилд нэг удаа Нарыг бүтэн тойрдог бөгөөд Дэлхий орчмын аполлон солируудын бүлэгт багтдаг байна. Аполлон гэдэг нь 1932 онд илрүүлсэн уг бүлгийн анхны солирын нэр аж.
Өнөөдрийн байдлаар, 140 м-ээс дээш хэмжээтэй 8 мянга орчим тооны солир Дэлхий орчмын орон зайд /7 сая км буюу астрономийн 0,05 нэгж/ байгааг одон орончид судлан тогтоожээ. Ийм хэмжээтэй сансрын биетүүд “аюултай” гэсэн ангилалд багтдаг байна. Харин дэлхий орчимд байгаа томоохон солируудын нийт тоо нь 25 мянгад хүрч магадгүй ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.