Их мастер Магнус Карлсен хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд түрүүлжээ
Дэлхийн аварга, шатрын их мастер Магнус Карлсен шатрын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай, хамгийн их хүн үзсэн “Магнус Карлсен шатрын цуврал” тэмцээнд түрүүлжээ.
Нийт нэг сая ам.долларын шагналын сантай цуврал шатрын тэмцээний шийдвэрлэх шигшээ тоглолтод тэрбээр АНУ-ын их мастер Хикарү Накамүраг ялж, 140 мянган ам.доллар хүртсэнээр энэхүү тэмцээнээс нийтдээ 349,500 ам.доллар хожжээ.
Магнус Карлсен түрүүлснийхээ дараа “Юу гэж хэлэхээ мэдэхгүй юм даа. Тоглолтын туршид олон л эргэлтийн цэгүүд, эгзэгтэй мөчүүд тохиолдлоо. Эцэст нь ганцхан тоглолтоор шийдвэрлэгдэх энэхүү тоглоомыг дуусгах хэрэгтэй шүү дээ. Накамүра маш тэвчээртэй, хүлээцтэй сайн тоглолт үзүүллээ. Надад ч гэсэн үнэхээр хүнд, хэцүүхэн тоглолт боллоо” хэмээжээ.
Тус тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлж, таван үе шаттай явагдсан шатрын цуврал тэмцээний шигшээ шат ийнхүү өндөрлөв.
Энэхүү цуврал тэмцээнийг нийтдээ дэлхий даяар 70 сая гаруй хүн телевиз болон онлайнаар үзсэн аж.
Дэлхийн 10 улсын хэлнээ шууд дамжуулагдсан шигшээ шатны тоглолт Норвеги Улсад хамгийн их үзэгчтэй телевизийн шоугаар тодорчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.