Онцгой комисс нүүрсний тээврийг түр хугацаагаар ЗОГСООЛОО

Онцгой комисс нүүрсний тээврийг түр хугацаагаар ЗОГСООЛОО

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотойгоор Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.10/  хуралдаж,  нүүрсний тээврийг зогсоох нь зөв гэж үзлээ. Хил дээрх нүүрс ачиж буулгах талбайг өнөөдрөөс эхлэн хааснаар ачилтыг зогсоогоод байсан. Тэгвэл Улсын онцгой комисс ийнхүү нүүрсний тээврийг гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоож, Өмнөговийн Гашуун сухайт, Шивээ хүрэн, Ховдын Булган, Сүхбаатарын бичигт боомтуудаар нүүрс гаргахыг хориглох нь зөв гэж шийдвэрлэлээ. 

Нүүрсний экспорт улсын төсөвт орлого төвлөрүүлдэг гол эх үүсвэр байдаг. Энэ 2020 онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх тооцоололтой. Өнгөрсөн 2019 онд мөн л 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч зургаа орчим сая тонныг дутуу борлуулсан.  Энэ он гарсаар коронавирусийн тархалт газар авч байгаа нь ийнхүү нүүрсний экспортын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахаар нөхцөл байдлыг бий болголоо. 

Сануулахад,  Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Экспортын татан авалт буурсан болон орон нутгийн удирдлага, иргэдээс гарч буй саналыг үндэслэн нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлтийг түр зогсоох хүртэл арга хэмжээг авч өгөх асуудлыг Улсын Онцгой комисст уламжлах боллоо. Энэ бол байх ёстой зүйл. Учир нь хил залгаа улсад хөл хорио тогтоосны дээр хил гараад хоол унд ч байхгүй, жолооч нар эрүүл мэндээ хамгаалах ямар ч баталгаагүй, олон хоног тээвэрлэлт хийж байгаа учраас ядрах, дархлаа сулрах, энэ нь вирус тээж ирэх эрсдэл болох гээд олон хүчин зүйл байна. Тиймээс Засгийн газрын тогтоол хэрэгжиж дуустал буюу гуравдугаар сарын 2-н хүртэл тээвэрлэлтийг зогсоох санал хэлэлцүүлэх боллоо" гэсэн мэдээллийг орон нутгийн хэвлэлд өгсөн байсан.

Харин Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Хилийн боомт хаах асуудал аймаг дангаараа шийддэг асуудал биш. Холбогдох хууль тогтоомж, хоёр улсын хооронд байгуулсан хилийн дэглэм, гэрээ хэлэлцээрийн дагуу Засгийн газар хооронд дипломат шугамаар хэлэлцэгдэж шийдэгдэх асуудал. Тиймээс аймгийн Онцгой комиссоос журмын дагуу боомтын үйл ажиллагааг түр хаах саналыг Улсын онцгой комисст албан ёсоор хүргүүлсэн. Мөн урьдчилан сэргийлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийн тооцоог хийж шийдвэрлүүлэхээр боллоо" гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комисс нүүрсний тээврийг зогсоох шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэрийг одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.