АНУ-д дахин эмх замбараагүй байдал дэгджээ
Висконсин мужийн Кеноша хотын оршин суугч хар арьс эрэгтэй рүү цагдаа нар хэд хэдэн удаа гал нээсэн хэрэг гарсны дараа Висконсин мужид олныг хамарсан эсэргүүцэл дэгджээ. Өдгөө 29 настай африк гаралтай америк эр Жейкоб Блейкийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд тэрбээр одоо сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж. Цагдаа нар түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон гэжээ.
Африк гаралтай америкийн иргэн Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш гурван сарын дараа энэ хэрэг болж байна. Ж.Флойд амиа алдсантай холбоотойгоор АНУ-д төдийгүй хилийн чанадад олон мянган хүнийг хамруулсан эсэргүүцэл дэгдэж эхэлсэн юм. Жагсагчид цагдаа нарыг хүч хэрэглэх, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг нь эсэргүүцжээ.
Блейкийг машинд суух гэж оролдох үед цагдаа нар ар нуруу руу нь буудаж байгаа нь бичлэгээс харагджээ. Түүн рүү цагдаа нар 7 удаа буудах чимээ сонсогдсон байна. Блейк зэвсэггүй байсан бөгөөд цагдаа нарыг ямар учраас Блейкийн ар нуруу руу буудахад хүргэсэн нь тодорхойгүй аж.
Энэ хэрэгт холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден мэдэгдэхдээ, хэргийн шалтгааныг олж илрүүлэх мөрдөн шалгах ажиллагааг даруй, ил тод явуулж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг уриалжээ.
“Дахин нэг хар арьст иргэн цагдаа нарын хүч хэтрүүлэн хэрэглэсний золиос болсны улмаас улс орон өглөөг дахин гомдол, уур хилэнгээр угтаж байна. Эдгээр гал нээсэн хэргүүд нь бидний сэтгэл зүрхийг эмтэлж байна” хэмээн тэрбээр мөн мэдэгджээ.
Дахин нэг өнгөт арьст иргэн цагдаад буудуулсантай холбоотойгоор Кеноша хотын гудамжинд хэдэн зуун хүн гарч, цагдаа нарын үйлдлийг эсэргүүцжээ. Тэд цагдаагийн газрын хажуугаар өнгөрч, “Бид ухрахгүй” хэмээн уриа хашгирч байсан аж.
Удалгүй эсэргүүцэл нь эмх замбараагүй байдал болон хувирч, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглаж, эрх баригчид Кеноша хотод хөл хорионы цаг тогтоожээ. Шүүхийн болон хотын засаг захиргааны байрыг хаана хэмээн Кеноша хотын эрх баригчид мөн мэдэгдсэн байна. Харин Висконсин мужийн амбан захирагч Тони Эверс өнгөт арьст иргэн Блейкийн эсрэг цагдаа нар галт зэвсэг хэрэглэснийг зэмлэн буруушаажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.