ҮАБЗ-ийн хуралдаан хойшиллоо

ҮАБЗ-ийн хуралдаан хойшиллоо

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2020.02.10/ орой шуурхай хуралдаан зарлаад байсан ч маргааш хүртэл хойшиллоо.

Учир нь УАБЗ Улсын онцгой комиссын хурлаар гаргасан Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх,  нүүрсний экспортыг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоох зэрэг улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой шийдвэрүүдийг албажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсны дараа хэлэлцэхээр болжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн билээ.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагийн байдлаар дэлхийн 25 оронд шинэ коронавирусийн халдвараар нийт 40,235 хүн өвчилснөөс 909 хүн нас барж, 6484 хүний биеийн байдал хүнд, харин 3283 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Эрүүл мэндийн яамны ирүүлсэн мэдээллээр манай улсад уг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч ХӨСҮТ-ийн тусгай тасагт өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Үхань хотоос ирсэн 31 иргэн, албаны 15 хүн буюу нийт 46 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна.

Шинэ коронавирусийн сэжигтэй 97 тохиолдол бүртгэгдсэнээс (ХӨСҮТ-д 75, орон нутагт 22) 132 сорьцод шинжилгээ хийхэд уг өвчний вирус илрээгүй, харин 13 хүнээс томуугийн А хүрээний НЗN2 вирус илэрч эдгээр хүмүүсийг үргэлжлүүлэн эмчилж байгаа юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Онцгой комиссоос гаргасан  2020 оны 01/01 дүгээр зөвлөмжийн дагуу  төрийн золголт болон аймаг, сум дамнасан болон бүх шатны төрийн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээ явуулахыг хориглосон.

Улмаар монгол түмний сар шинийн баяр давхцаж байгаа нь уг өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлж байгаа тул Улсын Онцгой комисс хуралдан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор монгол түмний уламжлалт сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.

 Мөн Улсын Онцгой комисс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нэн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Өвчний халдвар илэрсэн тохиолдолд эхний ээлжинд Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгийг суллаж 200 ор гаргах, шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэг, хувийн хэвшлийн “Асралт мед” эмнэлэг, ОБЕГ-ын Жаргалант дахь сувиллын газрын барилгыг ашиглахаар болов.

Замын-Үүд дэх 100 ортой болон Сайншанд сумын 50 ортой эмнэлгийг түр тусгаарлах байр болгохоор шийдвэрлэлээ. 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглов. ХӨСҮТ-ийн гаргасан стандартын дагуу “Бөртэ” үйлдвэр, Батлан хамгаалах яамны 288 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрт амны хаалт үйлдвэрлэж нийлүүлэхийг холбогдох удирдлагуудад нь үүрэг болголоо. Мөн бүх шатны Засаг дарга нарыг тухайн орон нутагтаа амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгалаа.  

 Эрүүл мэндийн яамны хувьд Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн 4.2 тэрбум төгрөгөөр эм тариа, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсээ  аваад байна. Мөн 3000 оношлуурын эхний 500-г маргааш хүлээн авах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.