Олон улсын Иргэний хамгаалалтын “Офицер” одонг монгол эмэгтэй алба хаагчид гардуулжээ

Олон улсын Иргэний хамгаалалтын “Офицер” одонг монгол эмэгтэй алба хаагчид гардуулжээ

Иргэний хамгаалалтын олон улсын одонгийн нарийн бичгийн дарга нарын газар болон Олон улсын одонгийн дотоод хорооны нарийн бичгийн дарга нарын газрын шийдвэрээр ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа Олон улсын Иргэний хамгаалалтын “Офицер” одонгоор шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал гардууллаа.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцсоор ирсэн.

Өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Офицер” одонгоо хүртээдэг юм.

Хурандаа Ч.Ариунаа нь олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын “Офицер” одонг хүртсэн Онцгой байдлын байгууллагын анхны алба хаагч боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.