Газрын наймаанаас эхтэй байгаль эхийн эсрэг гэмт хэрэг
Байгаль орчны яам нь өөрөө тамтаггүй олон хууль зөрчиж, байгаль эхийнхээ эсрэг гэмт үйлдэлд оролцсон талаар Үндсэн аудитын газрын тайланг байнгын хороогоор нам жимхэн хэлэлцээд өнгөрлөө. Тайланд өгүүлсэнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны алба тушаалтнууд 2015-2018 онд улсын тусгай хамгаалалттай газраас олгохдоо ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргадаг байх эрсдэлтэй гэдгийг хөндлөнгийн шинжээч хэлнэ лээ. Нэгэнт хөндлөнгийн шинжээчдийн байр суурь нийтэд ил учраас олон зүйл нуршилгүй байгаль хамгаалагчийн нэр зүүсэн албан тушаалтнуудын хэрхэн хууль зөрчиж ирснийг танилцуулъя. Гэхдээ энд, голдуу ширээн доогуур олгогддог тусгай хамгаалалттай газрын эрхийн бичигт төрийн өндөр албан тушаалтан буюу сайд нар шадар туслахуудынхаа оролцоотойгоор гарын үсэг зурж баталгаажуулдаг болохыг тодотгоё.
Өөрөөр хэлбэл, БОАЖ-ын сайдад улсын тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах захирамж, шийдвэр гаргах эрх шууд хадгалагддаг. Одоогийн сайдаар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат ажиллаж байгаа гэж бодохоор түүний өмнөх УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарт энэ тайланд дурдсан зөрчлүүд цаг хугацааны хувьд харьяалагдаж байна.
Шинжээчийн дүгнэлт 1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу “Батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төсвийг зөрчин суурины нутаг дэвсгэрийг тэлэх, барилга байгууламж барих”-ыг хориглосон. Гэвч 2015-2018 онд тухайн бүс нутагт газар олгож, ерөнхий төлөвлөгөөг батлан гаргахгүй байх замаар нэмж тэлэх нөхцөлийг бүрдүүлжээ. БОАЖЯ-аас улсын тусгай хамгаалалттай газарт шинээр зөвшөөрөл олгосон 151 тушаал, шийдвэр бүхэлдээ дээрх хуульд харшилсан байна. Мөн дархан цаазат газар (ДЦГ)-ыг “Онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс”, байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг “Онцгой бүс, аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүс” гэж тусгайлан авч үздэг. Тэгвэл БОАЖЯ-аас ДЦГ, БЦГ-ын хориглосон бүсэд 91 иргэн, компанид 668.6 га талбайн зөвшөөрөл олгожээ. Тодруулбал, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын болон хязгаарлалтын бүс тогтоосон байршилд 77 иргэн, компанид 188.1 га газар олгосон бол Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд 478.4 га талбайг хэтрүүлэн 12 иргэн, компанид ашиглуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн аялал жуулчлалын гол бүс болох Хөвсгөлийн БЦГ-ын онцгой дэглэм тогтоосон байршилд 2.1 га талбайг хоёр иргэнд олгожээ. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан тусгай хамгаалалттай газар хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах, үзэсгэлэнт онгон дагшин байдал нь алдагдахад хүрсэн байна. Энэ нь хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог байдлыг хамгаалахаар улсын тусгай хамгаалалтад авсан байгаль хамгааллын үндсэн зорилтод сөргөөр нөлөөлөх эрсдэлийг үүсгэжээ. Иймд аудитаас БОАЖ-ын сайдад зөрчилтэй газруудын ашиглах эрхийг хүчингүй болгох албан шаардлага өгсөн байна.
Шинжээчийн дүгнэлт 2. БОАЖЯ-аас Усны тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчин усны онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд 201 иргэн, хуулийн этгээдэд 318.1 га талбай бүхий газар олгожээ. Тиймээс усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар олгодог зөрчлийг дахин гаргахгүй байх хяналт, хариуцлагыг сайжруулж, зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлагыг БОАЖЯ-нд хүргүүлжээ.
Шинжээчийн дүгнэлт 3. БОАЖ-ын сайд 151 удаагийн тушаалаар 2,193 иргэн, аж ахуйн нэгжид тусгай хамгаалалттай газрын зөвшөөрлийг, тухайн газар нутгийн захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг авалгүйгээр олгосон зөрчил илэрсэн байна. Мөн тусгай бүсэд шинээр аялал, жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх төсөл ирүүлээгүй, төлөвлөгөө, байршил тодорхойгүй байхад, 1,162 нэгж талбарт шинээр газар ашиглуулах эрх олгожээ.
Шинжээчийн дүгнэлт 4. Хуульд “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заажээ. Энэ заалтыг илтэд зөрчин 2017, 2018 онуудад гадаадын хөрөнгө оруулалттай дөрвөн компанид тусгай хамгаалалттай бүсэд 0.08 га газрын зөвшөөрлийг БОАЖЯ-аас олгосон байна.
Шинжээчийн дүгнэлт 5. Улсын тусгай хамгаалалттай газрыг ашиглах зөвшөөрөл олгосон БОАЖ-ын сайдын тушаалд иргэн, хуулийн этгээдийн ашиглах газрын хэмжээг тодорхой тусгасан байжээ. Гэтэл 2015, 2016 онд зургаан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохдоо 0.2-3 хүртэлх га газраар талбайн хэмжээг нь нэмэгдүүлэн гэрчилгээнд бичилт хийж иргэн, хуулийн этгээд давуу байдлаар ашиглаж болзошгүй эрсдэл үүсгэсэн нь холбогдох албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой гэж үзсэн байна.
Шинжээчийн дүгнэлт 6. БОАЖ-ын сайдын тушаалаар 2015-2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлэхдээ, ашиглуулах гэрээг байгуулаагүйгээс улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжийг алдагдуулсан байна. Энэ хугацаанд Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-т газар ашиглуулахаар шийдвэрлэсэн 368 иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулаагүй албан тушаалтнуудын буруугаас улс ийм хэмжээний хохирол амсжээ.
Энэ мэт БОАЖ-ын сайдын 151 удаагийн тушаалаар 2015-2018 онд улсын тусгай хамгаалалттай бүсийн 2,193 нэгж талбарт, нийт 3,730 га газрын зөвшөөрөл олгож, 23 тушаалаар 161 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн хугацааг сунгасан аж. Гэвч БОАЖ-ын сайдын олгосон 233 иргэн, хуулийн этгээдийн холбогдох хувийн хэрэг, баримт материал огт байхгүй. Нийт тусгай хамгаалалттай газар ашиглах зөвшөөрөл авсан 374 иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл, хүсэлт олдоогүй байна. Шинжээчдийн зүгээс эдгээр зөвшөөрөл газартай холбоотой хууль, журмуудад нийцсэн эсэхийг нягтлахад, БОАЖЯ-ны дотоод газар, хэлтсүүд болон тус яамны харьяа тусгай хамгаалалттай газрууд ажлын хийдэлтэй, уялдаагүй, зохион байгуулалтгүй, хариуцлагагүй байдлаас баримт материалын бүрдэл дутуу, тоон мэдээлэл зөрүүтэй зэрэг нь хүндрэл учруулсан тайландаа дурдсан. Тухайлбал, тусгай хамгаалалттай бүсэд иргэн, эсвэл компанид газрын зөвшөөрөл олгоход тавих шалгуур, шалгаруулалт хийгдээгүй байжээ. Энэ нь Газрын тухай хуулийн "Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчим алдагдахад хүргэсэн гэж дүгнэсэн.
Зөвхөн БОАЖ-ын сайдын эрх мэдлийн хүрээнд олгогдсон газруудад аудит хийхэд ийм олон зөрчил, магадгүй хууль зөрчин газар наймаалцсан асуудал илэрч байна. Улсын хэмжээнд 2015-2018 онд өрнөсөн газар олголттой холбоотой зөрчлийг нэгтгэхэд, 162.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Үүний 75.4 тэрбум төгрөгт акт тогтоож, 78 тэрбум төгрөгийн зөрчил бүхий 449 байгууллага, албан тушаалтанд албан шаардлага хүргүүлж, зургаан хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат тоо баримттай нь танилцуулсан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.