БНХАУ-д аялсан түүхгүй иргэд коронавирусийн халдвар авч байна
БНХАУ-аас өөр улс оронд бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвар авсан иргэдийн ихэнх нь хувь нь БНХАУ-ын Хубэй мужид аялсан иргэд байсан ч сүүлийн үед тус улсад аялсан түүхгүй иргэд шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа аж. Мөн шинэ коронавирусийн шинж тэмдэг илрээгүй ч халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан иргэд бүртгэгдэж байна
Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны хоёрдугаар сарын 11-ний 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн 43 мянга 99 тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 1018 боллоо. БНХАУ-аас өөр улсад 391 тохиолдол бүртгэгдсэнээс ихэнх нь БНХАУ-ын Хубэй мужид аялсан иргэд байсан ч сүүлийн үед Франц, Герман, БНСУ, Малайз, Сингапур, Испани, Тайланд, АНУ болон Веьтнамд БНХАУ-д зорчсон түүхгүй иргэд шинэ коронавирусийн халдвар авч байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс гадна БНХАУ, Япон, Саудын Араб зэрэг улсад шинж тэмдэг илрээгүй хүмүүс шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдлууд илэрч байна. 2020 оны нэгдүгээр сарын 6-ны ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсэхийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн гол ажил нь эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмийг үнэлэх, зохион байгуулах, 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн ажилчдад тэнхимийн болон онлайн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Мөн ДЭМБ-аас сэхээн амьдруулах олон улсын яаралтай тусламжийн багийг авчрахаар ярилцаж байна. Энэ долоо хоногт 3000 оношлуур нэмж ирнэ” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.